X ТОЙРОГ: Барилгачин, уурхайчин, засаг ноён гурвын хоршил буюу ман-ын горилогчид

0

      Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын мэдлэгт зориулан "Сонгууль-2024” булангаа нээж, УИХ-ын сонгуулийн хот, хөдөөгийн 13 тойрогт нам намаас нэр дэвшихээр горилогчдыг цувралаар танилцуулж буй. Өмнөх дугаартаа бид Баянзүрх дүүрэг буюу VIII тойрогт АН, МАН-аас горилогчдыг танилцуулсан. Тэгвэл энэ удаад Баянгол дүүрэг буюу IX тойрогт горилогчдыг танилцуулж байна. 

УУЛ УУРХАЙН САЙД Ж.ГАНБААТАРЫН АРД АЛТ, НҮҮРСНИЙ "АКУЛ”-УУД, ЦААШЛААД "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-НХАН БАЙДАГ УУ 

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Жамбалын Ганбаатар- Уугуул нутаг нь Увс гэгддэг ч Улаанбаатар,  тэр тусмаа Налайхын уурхайд төрж өссөн. 1996 онд одоогийн "Оргил” худалдааны төвийг хүнсний дэлгүүр хэлбэрээр нээж бизнесээ эхлүүлсэн. 1998 онд одоогийн МАН-д элсэж, 2004 оноос улс төрд орохоор Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраар зөвлөх сэтэртэй эргэлдэж эхэлсэн. Улмаар 2008 онд НИТХ-ын төлөөлөгч болж, 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2020 онд улирсан. 2022 оноос УИХ-ын гишүүний сэнтийгээ Уул уурхайн сайдын сэтэртэй хослуулж буй. Намтар нь товчхондоо ийм. 
 
    Бизнесийнх нь тухайд, Ж.Ганбаатарын Улаанбаатар хотын өнцөг, булан бүрт босгосон "Оргил”, "Энканто” нэртэй хотхон, хорооллуудыг нь нурших илүүц байх. Харин Уул уурхайн сайдын хувиар уул уурхайн "акул”-уудад үйлчилж байж болзошгүй маш ноцтой гурван баримтыг танилцуулъя. 
 
1. Ж.Ганбаатарын төрсөн дүү Ж.Нарантуяа нь 2018 оны аравдугаар сарын 8-нд "Оргил үүдэн зам” ХХК-ийг Пүрэвдоржийн Пүрэвдэлгэртэй хамтран байгуулж, удалгүй Хаянхярваагийн Азбаяр гэгчийг хувьцаа эзэмшигчээр нэмсэн байдаг. Ноцтой нь, П.Пүрэвдэлгэр нь УИХ-ын гишүүн, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханы төрсөн ах Б.Ганхуягийн бэр буюу хүү Г.Гантулгынх нь эхнэр. Харин Х.Азбаяр нь Б.Дэлгэрсайхантай "Монголиан транс ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг хамаатан нь. Х.Азбаяр, Б.Дэлгэрсайхан нарын "Монголиан транс ложистик” ХХК нь өнгөрсөн 2022 онд Засгийн газрын концессоор Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг барьж ашиглалтад оруулсныг санаж буй байх.
 
Илүү ноцтой нь, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы төрсөн ахын хүү Г.Гантулга нь "Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдоржтой "Сора интернэшнл” ХХК-ийг 2019 оноос хамтран эзэмшиж ирсэн. "Сора интернэшнл” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт байх "Дадын хар толгой”-н нүүрсний уурхайг эзэмшиж, ажиллуулдаг. Цааш хөөвөл, "Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж нь "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягаас 2019 оноос хойш 1.8 их наяд төгрөгийн нүүрс олборлолтын тендер авсан. Тэгээд болоогүй, Б.Ганхуяг, Б.Хишигдорж хоёр хамтран "нүүрсний хулгай”-н мөнгөө угаахын тулд Богдхан уулын Нүхтийн аманд орон сууцны хороолол, спорт цогцолбор барьж эхлээд байхдаа буюу 2022 оны арванхоёрдугаар сард баривчлагдсан. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард Б.Ганхуягт 5.9 жилийн ял оноосон бол гол хамтрагч нь гэгдэж байсан Б.Хишигдоржийн хэрэг хэрхсэн нь тодорхойгүй сураг тасарсан. Эхэнд дурдсан баримтаар хөвөрдөж хөөвөл, Б.Хишигдорж нь Уул уурхайн сайд Ж.Ганбаатар, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан хоёроор хамгаалуулж "нүүрсний хулгай”-н хэргээс мултарсан байж болзошгүй маш ноцтой сэжүүр гарч ирэх ажээ. 
 
2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Гурвангол бааз” ХХК-ийг 2021 оноос "Камдер” ХХК-аараа дамжуулан эзэмшдэг болсон. Ноцтой нь, "Гурвангол бааз” ХХК-ийг 2006 оноос хойш Үндсэн хуулийн цэцийн гишүүн Цагааны Нанзаддорж, "Гацуурт”-ын Л.Чинбатын худ буюу Соёлын сайд Ч.Номингийн хадам аав Төмөрбаатарын Ганхуяг нар үүсгэн байгуулж, эзэмшиж байгаад 2021 онд ийнхүү Ж.Ганбаатарт шилжүүлсэн байдаг. Илүү ноцтой нь, Цагааны Нанзаддорж, Төмөрбаатарын Ганхуяг хоёр одоо "Гурвангол холдинг” ХХК-аараа дамжуулан "Баян-Айраг эксплорэйшн” ХХК-ийг эзэмшдэг. Харин "Баян-Айраг эксплорэйшн” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байх "Баян-Айраг” хэмээх алтны уурхайг эзэмшиж, ажиллуулдаг. Зургаан удаа цианид алдсан гэж хэвлэлүүдэд хэдэндээ бичигдэж, хууль шүүхдээ тулж байсан ч тус уурхайг зогсоож дөнгөсөн хүн үгүй. 
 
3. Ж.Ганбаатарын "Камдер” ХХК нь 2017 онд "Олимп орд харш” ХХК-ийг эзэмшдэг болж, гүйцэтгэх захирлаар нь хүргэн Б.Төгсбаяр нь ажилладаг болжээ. Гэтэл М.Билэгт 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа "Олимп орд харш” ХХК-ийг эзэмшдэг гэж мэдүүлж байжээ. М.Билэгтийн хүү М.Ганбагана нь "Монлаа” ХХК-ийг саяхны хүртэл эзэмшиж байсан, одоо тал хувь нь Солонгосчуудад очсон. "Монлаа” ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байх "Элстэй” гэх төмрийн хүдрийн орд, "Толгод” гэх шохойн чулууны орд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байх "Номт” гэх төмрийн хүдрийн ордыг тус тус эзэмшдэг. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР Ж.ГАНБААТАРЫН ХҮН ҮҮ, Ж.МӨНХБАТЫН ХҮН ҮҮ

Баянгол дүүргийн Засаг дарга Өлзий-Оршихын Сумъяабаатар- Өвөө, ааваараа Архангай аймгийн Тариат сумын уугуул. Намтрынх нь эхэнд сануулахад, Ө.Сумъяабаатар улс төрийн хүрээлэлд Уул уурхайн сайд Ж.Ганбаатарын "гар хөл” гэгдэж ирсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ Ө.Сумъяабаатарын өдий хүртэлх намтрыг нь бичилцсэн гол хүн бол УИХ-ын гишүүн асан, "нүүрсний хулгай”-н хэргээр "шувуу” болчихсон Ж.Мөнхбат. Өөрөөр бол, нэг талаас Уул уурхайн сайд Ж.Ганбаатар Төрийн ордон дахь хүчээ нэмэхийн тулд Ө.Сумъяабаатарыг сойж буй харагдах боловч нөгөө талаас Ж.Мөнхбат өөрийнхөө орыг залгуулахын тулд Ө.Сумъяабаатарыг зүтгүүлж байж болзошгүй гэсэн үг. 
 
        Тодруулбал, Ө.Сумъяабаатар, Ж.Мөнхбат хоёр 1997 онд Архангайд 10 жилээ төгссөн. Улмаар Ө.Сумъяабаатар 2001 онд МУИС-ийн Улс төр судлаачаар, харин Ж.Мөнхбат нэг жил завсардаад дараа жил нь буюу 2002 онд МУИС-ийг Улс төр судлаачаар төгсөж байв. Ингээд 2003 онд Ж.Мөнхбат УИХ-ын дарга С.Төмөр-Очирын туслах болсон бол, харин Ө.Сумъяабаатар 2005 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын туслах болж, хоёр жил гаруй ажилласан. Дараа нь, 2007 онд Ерөнхий сайд Миеэ.Энхболдын туслахаар нэг жил ажилласан. Ингээд 2008-2011 онд Боловсролын сангийн 32 мянган ам.долларын зээлээр АНУ-ын Бриджпортын их сургуульд олон харилцааны мэргэжлээр суралцсан. С.Баяр, М.Энхболд хоёрын туслах байсан түүнд Боловсролын сангийн зээл хялбархан олдсон хэрэг л дээ. Улмаар Ө.Сумъяабаатар буцаж ирээд 2012 онд МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн Ажлын албанд нь нэг жил ажилласан байдаг. Ингээд 2013 оноос МАН-ын дэргэдэх Сургалт, судалгааны стратегийн академийн даргаар Ж.Мөнхбат, дэд даргаар нь Ө.Сумъяабаатар томилогдож нэг жил ажилласан. 
 
Дараа нь, 2016 онд Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга болж, улмаар "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Ариунболдыг, Захиргаа, удирдлагын газрын даргаар нь Ө.Сумъяабаатарыг томилж, тэд хоёр жил хагас хамт ажилласан. Ингээд 2018 оны дөрөвдүгээр сард Б.Ариунболд, Ө.Сумъяабаатар хоёр ажлаасаа зэрэг чөлөөлөгдөж, улмаар "Эрдэнэс тавантолгой” ХК-д Б.Ганхуягийн баг очиж байв. Дараа нь, 2019 онд Ж.Мөнхбатын тойргийн найз Ё.Баатарбилэг Боловсрол, шинжлэх ухааны сайд болж, Ө.Сумъяабаатар зөвлөхөөр нь томилогдсон. Ингээд 2020 намар Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдож, дөрөв дэх жилдээ ажиллаж буй. Товчхондоо, Ө.Сумъяабаатарын оюутны ширээнээс дүүргийн Засаг дарга хүртэлх намтрынх нь талаас илүү хувь нь Ж.Мөнхбаттай холбоотой явж ирсэн. 
 
Сонирхуулахад, Ө.Сумъяабаатар нэр дээрээ бизнесгүй. Харин аав Н.Өлзий-Орших нь эм, эмнэлгийн хэрэгслийн төрийн 300 тендерт оролцож, талаас илүүд нь шалгарсан "Цомбо” ХХК-ийн Эдийн засагчаар ажилладаг юм билээ. 

БОГДХАН УУЛЫН ЖАРГАЛАНТЫН АМАНД АХ НАРТАЙГАА ХАУС ХОТХОНООР АЙЛССАН Х.ГАНХУЯГ

УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуяг- Ааваараа Архангай аймгийн Тариат сумын уугуул. 2003 онд ах, эгч хоёртойгоо "Хера групп”-ыг байгуулж, 30 гаруй охин компанитай болгож "өндөглүүлсэн”. Хөлжиж, хөрөнгөжихөөрөө улс төрч болж хөрвөдөг "хууль”-иар 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт бие дааж нэр дэвшсэн ч Д.Лүндээжанцанд далаараа тавиулж байв. Ингээд 2017 онд МАН-д элсэж, 2020 онд МАН-аас Баянгол дүүрэгт дахин нэр дэвшиж, улмаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн болсноосоо хойш бүрэн эрхийн хугацаагаа "Вертекс майнинг партнер” ХХК-ийнхаа Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн зээлээсээ бултаж, бусгахад зориулсан. 
 
     АН, МАН-ын улстөрчид дархан цаазат Богдхан уулын аль нэг аманд хотхон, хороолол барьж, бэл бэнчингээ "гайхуулцгаадаг” нь, басхүү уул уурхайгаас олсон мөнгөө "угаацгаадаг” нь гэм биш зан болчихсон. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ч тэр замаар замнаж буй. Тодруулбал, Х.Ганхуягийн Хөгжлийн банкны 33 тэрбумын зээлдэгч "Вертекс майнинг партнер” ХХК-ийг өдгөө мэдэхгүй хүн үгүй байх.  Энэ компаниасаа болж АТГ-ынханд ачигдахаа дөхсөн ч, эерүүлж бодвол энэ компани л түүнийг ард түмэнд таниулсан. "Вертекс майнинг партнер” ХХК нь "Энержи ресурс” ХХК-ийн "Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг хариуцдаг. Тэгвэл Х.Ганхуяг "Энержи ресурс”-ын эзэн Ж.Оджаргалын хүргэн ах Б.Эрдэнэцогтоос Богдхан уулын Жаргалантын аманд 60.000м2 буюу 6.0 га газартай "Агролюкс” ХХК-ийг 2020 онд шилжүүлж авсан. Улмаар энэ газар дээр "Өргөө вилла” ХХК-аараа тансаг зэрэглэлийн "Жаргалант гарден” хотхоныг барьж худалдсан. "Жаргалант гарден” хотхон нь 92 айлын тансаг зэрэглэлийн хотхон бөгөөд хаусуудыг хэмжээ, давхраас хамаарч 550 саяас 1.5 тэрбум төгрөгөөр зарагдсан байдаг. Х.Ганхуягийн "Жаргалант гарден” хотхонтой айлсаж, зүүн хойно нь "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн "Жаргалант вилла” хотхон, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын "Жаргалант” хотхон, хойно нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн "Палм спринг вилла” хотхон, баруун хойно нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн "Жаргалант хүннү вилла” хотхон тус тус бий. 
 
Цаашилбал, Х.Ганхуягийн "Говь экуйпмент рентал флийт” ХХК нь автомашин, хүнд машин, механизмын төрийн, төсвийн 103 тендерт оролцож, талаас илүүд нь шалгарчээ. Мөн "Хера-экуйпмент” ХХК нь "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн "Цанхийн баруун уурхайн олборлогч”-ын 191 тэрбум төгрөгийн тендер тэргүүтэй төрийн найман тендерт оролцоод байна.  
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.