НИЙСЛЭЛД ҮНЭТЭЙ БОРДЮР НИЙЛҮҮЛЖ БАЙГАА КОМПАНИЙН ЭЗЭД
Өмнөх нийтлэлийг https://ergelt.mn/news/66/single/47537,
https://ergelt.mn/news/22/single/47587
https://ergelt.mn/news/59/single/47619 энд дарж уншина уу.
Эргэлт.мн мэдээллийн сайт "Бордюр ажиллагаа”-г цувралаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад нийслэлийн зам засварын ажилд оролцож, тендер авсан 27 компанийн эзэд хэн болох, тэд юу хийв, юу хэлэв, бордюроо хэдэн төгрөгөөр нийлүүлж байгаа зэрэгт хариулт өгч байна.
1.ХЭНТИЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ч.АЛТАНЗАЯАГИЙН "ХӨВЧИЙН ЗАМ” ХХК 4.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕР АВЧЭЭ
"Хөвчийн зам” ХХК- Чимэддорж Алтанзаяа ерөнхий захирлаар нь ажилладаг. 2013 онд Загдын Өлзийбаяр, Сандуйжавын Эрдэнэбат нартай хамтран уг компанийг байгуулсан ч 2024 оны нэгдүгээр сараас ганцаараа эзэмшиж байгаа. Уг компани нь Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог) хүртэлх дөрвөн эгнээ, 1.9 км зам засварлах тендерт ялж, 4.3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байгаа. Ч.Алтанзаяаг судалж үзвэл, Хэнтий аймгийн Норовлин сумын гаралтай. Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэрбээр 2016 оноос хойш буюу найман жил Хэнтий аймгийн ИТХ-д сууж, энэ жил нэр дэвших эрхээ авч чадаагүй нэгэн. Түүний эзэмшлийн "Хөгжлийн зам” ХХК нь Хэнтий аймаг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөгжлийн газраас зарласан хэд хэдэн тендерт шалгарч байсан түүхтэй.
Ч.АЛТАНЗАЯА: МАНАЙ КОМПАНИ 30-35 МЯНГАН ТӨГРӨГИЙН БЕТОН БОРДЮР АШИГЛАЖ БАЙНА
Бордюртой холбоотой асуудлаар "Хөвчийн зам” ХХК-ийн захирал, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Алтанзаяатай холбогдож тодруулахад "Манай компани тендерт шалгарч, зам засварын ажлаа хийж байгаа. Замын ажил дуусах дөхөж байгаа ч зам хаалгахгүй байгаа учраас хучилтын ажлаа хийж чадаагүй байна. Тендерт ялсан бид урьдчилгаа мөнгө аваагүй байгаа. Гүйцэтгэлийн дараа төсвөө авна гэсэн тооцлолтой байна.Манайх Улаанбаатар хотоос бетон бордюр худалдаж авч байгаа. Одоогийн байдлаар компаниуд захиалга ихтэй учраас 30-35 мянган төгрөгт бетон бордюр олдохгүй шахам байна. Захиалга өгөхөөр энэ жилдээ багтаж гарахгүй л шахам байна шүү дээ. Гэхдээ манайх улсын үйлдвэрийг 30 гаруй мянган төгрөгийн үнэтэй бетон бордюр ашиглаж байгаа. Хятадаас оруулж ирж байгаа гантиг чулууг огт ашиглахгүй байгаа. Уг нь Хотын захиргаанаас гантиг чулуугаар хийхийг шахаж байсан ч хэл ам гараад бетон бордюрыг зөвшөөрсөн” гэв.
2.МОНГОЛЫН АВТО ЗАМЧДЫН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.БАТБАЯРЫН "БАТКУБИК" КОМПАНИ 18 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
"Баткубик” ХХК- Доржпаламын Батбаяр ерөнхий захирлаар нь ажилладаг. "Баткубик” ХХК-ийг Д.Батбаяр, Батсүхийн Наранбат, Лувсансамдангийн Баасанбат нар хамтран эзэмшдэг. Д.Батбаяр нь Монголын авто замчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн. Д.Батбаярын эхнэр Батмөнхийн Энхтуяа нь мөн л Хэнтий аймгийн уугуул. Илүү ноцтой нь, Б.Энхтуяа нь өдгөө "бордюр ажиллагаа”-г зохион байгуулж буй Нийслэлийн Замын хөгжлийн газарт 2017 оноос хойш Авто зам, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Санхүү хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа. Гэхдээ нөхрийнхөө "Баткубик” ХХК-ийг АТГ-т мэдүүлээгүй байна.
"Баткубик” ХХК нь Богд уулын арын авто замыг шинэчлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер, Гэсэр сүмийн уулзвараас Дөлгөөн нуурын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх 2.7 тэрбум төгрөгийн тендер, Амгалангийн авто замыг шинэчлэх 4.7 тэрбум төгрөгийн тендер, Энхтайваны гүүрнээс 10-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг буюу Нарны замыг шинэчлэх 9.4 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ.
Л.БАТ-ЭРДЭНЭ: НЭГ ШИРХЭГ БОРДЮРЫН ҮНИЙН МЭДЭЭЛЛИЙГ БИД ШААРДЛАГАТАЙ ГАЗАРТ НЬ ӨГСӨН
"Баткубик” компанийн ажилтан буюу бордюрыг талбайд буулгах ажлыг хариуцаж байгаа ажилтан Л.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодруулахад "Есдүгээр сард хэд хэдэн удаа БНХАУ-аас бордюр буусан нь үнэн. Одоогийн байдлаар манайх нэг байршилд зам засварын ажил хийж байна. Чулууны үйлдвэрээс авсан бордюрын үнэ, гааль, татварын төлбөр, ачааны зардал, буулгалтын хөлс зэрэг нь бүгд баримттай байгаа. Нэг ширхэг бордюрын үнийн мэдээллийг бид шаардлагатай газарт нь өгсөн. Манайх компаниудын жишиг үнээр нийлүүлж байгаа. Бид БНХАУ-ын хаанаас бордюр авч байгааг мэдэхгүй. Урдаас захиалж байгаа хүн бий. Тэр хүнтэй гэрээ хэлэлцээ хийж, зохих журмын дагуу зам засварын ажилд шаардлагатай байгаа бордюрыг авч байгаа” гэсэн юм.
3."ЭКО ЭВСЭГ ЗАМ” ХХК ДӨРВӨН БАЙРШИЛД 5.8 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАМ ЗАСАЖ БАЙНА
"Эко эвсэг зам” ХХК- Жирчин Жагдаржав захирлаар нь ажилладаг. Одгэрэлийн Төмөрчөдөр хамтран эзэмшдэг байсан ч 2022 онд нэрээ хасуулснаар Ж.Жагдаржав ганцаараа эзэмших болсон. Тус компани нь нийслэлийн зам засварын Налайх дүүргийн авто замын засварын 494 сая төгрөг, Их нарангийн авто замын засвар, шинэчлэлт, (Толгойтын авто замаас Улаан чулуутын хогийн цэг)- 2.5 тэрбум төгрөг, Багахангай дүүргийн авто замын засварын 150 сая төгрөг, Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Хан-Уул дүүрэг-1) 1.2 тэрбум төгрөг, нийт 5.8 тэрбумын тендерт шалгарсан.
Ж.ЖАГДАРЖАВ: БЕТОН БОРДЮРЫГ "УЛААНБААТАР БҮК” КОМПАНИАС, ГАНТИГ ЧУЛУУГ ХУВЬ ХҮНЭЭС ХУДАЛДАЖ АВЧ БАЙГАА
Бордюртой холбоотойгоор "Эко эвсэг зам” компанийн захирал Ж.Жагдаржавтай холбогдож тодруулахад "Зам засварын ажил хийгдэж байгаа. Цаг агаарын нөхцөл байдлаас болоод саатал үүсээд байгаа. Энэ ондоо багтааж үлдсэн ажлаа хийж дуусгана. Манайх гадаадаас гантиг чулуун бордюр худалдаж авахгүй байгаа. Харин улсын үйлдвэр болох 'Улаанбаатар БҮК" ХК-аас бетон бордюр авч байгаа. Чухам хэдэн төгрөгөөр бордюроо авч байгааг мэдэхгүй. Мөн зарим байршил гантиг чулуун бордюр хийж байгаа ч Эрээн хотоос худалдаж аваагүй. Зөвхөн Улаанбаатараас хувь хүнээс худалдаж авч байгаа” гэв.
4. "БРИДЖ БЮЛДИНГ” ХХК НИЙСЛЭЛИЙН ЗАМ ЗАСАХ 7.3 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ АНХ УДАА ШАЛГАРЧЭЭ
"Бридж бюлдинг” ХХК- Даваадоржийн Сүхбаатар эзэмшдэг. Д.Сүхбаатар нь Баянхонгор гаралтай. Тус компани нь 2019 онд үүсгэн байгуулагдсан, дөрвөн тендерт оролцож байсан цагаан түүхтэй. Үүнийхээ гуравт нь шалгарсны хамгийн өндөр дүнтэй нь нийслэлийн зам засварын ажил. Онцолж хэлэхэд, анх удаагаа нийслэлээс зарласан замын тендерт оролцож, 7.3 тэрбумын тендерт шалгарчээ. Тодруулбал, нийслэл хүрээний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (120-ын Тэмээтэй хөшөөний уулзвараас зүүн тийш Е-мартын уулзвар)-ын зам засах 7.3 тэрбумын тендерт шалгарсан байна.
Д.СҮХБААТАР: НИЙЛҮҮЛЖ БАЙГАА БОРДЮРЫН ҮНИЙГ МЭДЭХГҮЙ БАЙНА
Бордюр, зам засвартай холбоотой асуудлаар "Бридж бюлдинг” ХХК-ийн захирал Д.Сүхбаатараас тодруулахад "Манай компани нийслэлийн зам засварын тендерт шалгарсан нь үнэн. Замын ажил одоогоор дуусах болоогүй байна. Тендерт хоёр компани оролцож, манайх шалгарсан. Харин нийлэлийн зам засварын ажилд нийлүүлж байгаа гантиг чулуун бордюрын үнийг мэдэхгүй байна” гэлээ.
5. "ТОП БУЯНТ ЗАМ” ХХК 1.9 КМ ЗАМЫН АЖИЛД 4000 ШИРХЭГ БОРДЮР АШИГЛАЖЭЭ
"Топ буянт зам” ХХК- Ганболд Мөнгөнзул эзэмшдэг. 2018 онд ах, дүүтэй нийлж уг компанийг байгуулсан ч 2022 оноос ганцаараа эзэмшдэг болсон. 20 гаруй тендерт оролцож, хасагдаж байсан ч нийслэлийн зам засварын тендерт энэ жил анх удаагаа шалгарч, 2.9 тэрбум төгрөгөөр Шархадны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Цайз захын уулзвараас Эрдэнэтолгойн уулзвар) хийж гүйцэтгэж байгаа.
Бордюр, зам засвартай холбоотой асуудлаар "Топ буянт зам” ХХК-ийн захирал Г.Мөнгөнзулаас тодруулахад "Замын ажил хийгдэж байна. 1.9 км, дөрвөн эгнээ замд 4000 орчим ширхэг бордюр нийлүүлж байгаа. Нэг км замд 2000 ширхэг бордюр орж байгаа. Манай замын ажил 24 цагаар явагдаж байна. Өөр илүү мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэлээ.
6. В.БУГАНДАЙГИЙН "ХИШИГБУЯНТ ЗАМ” ХХК 2.7 ТЭРБУМЫН ТЕНДЕРТ ШАЛГАРЧЭЭ
"Хишигбуянт зам” ХХК- Вандангомбо Бугандай гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Эцсийн өмчлөгчөөр нь В.Бугандай, З.Лхамсүрэн нар бүртгүүлжээ. Тус компани нь нийслэлийн хоёр байршилд буюу Ард Аюушийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт, (Саппорогийн уулзвараас Гэмтлийн уулзвар) 1.5 тэрбум төгрөг, Хилчний гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрх дүүрэг) 780 сая төгрөгийн тендерт шалгарчээ.
7.Б.АЛТАНХУЯГИЙН "ДЭД БҮТЭЦ КОНСАЛТ” ГЭХ БАРИЛГЫН КОМПАНИ НИЙСЛЭЛИЙН ГУРВАН БАЙРШИЛД ЗАМ ЗАСАЖ БАЙНА
"Дэд бүтэц консалт” ХХК- Батжаргалын Алтанхуяг эзэмшдэг. 2018 он барилгын засвар хийх чиглэлээр үйл ажиллагаагаа бүртгүүлсэн. Үүнээс хойш үйл ажиллагаандаа нэмэлт өөрчлөлт оруулаагүй. Хачирхалтай нь, нийслэлийн зам засах өндөр дүнтэй зургаан тендерт энэ жил шалгарчээ. Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Сонгинохайрхан дүүрэг-2)- 1.6 тэрбум төгрөг, Хотын гол болон туслах гудамж замуудын арчлалт, засварын ажил (Сонгинохайрхан дүүрэг-1)- 1.6 тэрбум төгрөг, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Өлзий төвөөс 100-н айлын уулзвар)- 1.9 тэрбум төгрөг, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт. (Баруун 4 замаас- Гэсэр сүмийн уулзвар)-2.2 тэрбум төгрөг, Нарны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Баянзүрх дүүрэг, Соёолжийн нүхэн гарц орчмоос Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар чиглэл), Их монгол улсын гудамжны авто замын засвар, шинэчлэлт. (Хоум плазагаас урагш Их тэнгэрийн уулзвар хүртэл)- 4.7 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгасан.
Б.АЛТАНХУЯГ: БНХАУ-ААС 7500 ШИРХЭГ ГАНТИГ БОРДЮР АВЧ, НИЙСЛЭЛД НЭГ ШИРХГИЙГ НЬ 95-105 ТӨГРӨГӨӨР НИЙЛҮҮЛСЭН
Бордюр, зам засвартай холбоотой асуудлаар "Дэд бүтэц консалт”” ХХК-ийн захирал Б.Алтанхуягаас тодруулахад "Зам засварын ажилд нийлүүлж байгаа гантиг бордюрыг БНХАУ-аас авч байгаа. Нийслэлд нийлүүлж байгаа нэг ширхэг бордюрын үнэ ойролцоогоор 95-105 мянган төгрөг. Дотоодын тээвэрлэлт нэмэгдэхээр үнэ бага зэрэг нэмэгдэж байгаа. БНХАУ-аас авч байгаа үнийг сайн мэдэхгүй байна. Газар дээрээ төлж байгаа үнэ нь 40-50 мянган төгрөг юм шиг байна лээ. Манай компани гадаад худалдаа хийх эрхгүй учраас эрх бүхий компаниар авхуулж байгаа. Нийслэлийн гурван байршилд бордюр сольж байгаа. Бусад ажил нь зам нөхөх байсан. Гантиг чулуун бордюр сольсон гурван байршилд нийт 7500 ширхэг бордюр нийлүүлсэн” гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.