Рашаан сувиллын эмчилгээнд орсон хүн болгоны өвчин сэдэрдэг

1

 

Урин дулааны өдрүүдэд, ялангуяа наймдугаар сард ахмад настнууд болон нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаг иргэд рашаан сувилал зорих нь ихэсдэг. Өнөөдрийн байдлаар манай улсад 250 орчим анагаах чадвартай нуур, рашаан, булаг байдгаас 16 рашааныг нь улс албан ёсоор бүртгэж, үйл ажиллагааг нь дэмждэг байна. Эдгээр рашаан сувиллаас нийгмийн халамжаас магадлан итгэмжлэгдсэнд нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлбэл эмчилгээний нийт төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн авах боломжтой аж. Ингэхдээ сувилалд хэвтэн эмчлүүлсэн баталгааны бичгээ үзүүлээд, хөнгөлөлтөө авна.

Бид энэ удаа рашаан сувилал зорихоор төлөвлөж байгаа иргэддээ юуг анхаарч, ямар эмчилгээ хийлгэж болох болоод болохгүй талаар мэдээлэл өгөхөөр АШУҮИС-ийн ДЭМБ-ын Яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төвийн менежер, Мэс засал, гэмтлийн эмч Б.Бат-Оргилтой ярилцлаа. 


-РАШААН, ШАВРЫН НАЙРЛАГА ДАХЬ ЭРДЭС ТААРАХГҮЙГЭЭС ХАРШДАГ-

-Иргэд рашаан сувилал их зорих болжээ. Ингэж явж эмчлүүлэхэд зарим хүмүүсийн хууч сэдрээд дэмий байдаг гэх мэт ам дамжсан яриа их гардаг. Энэ талаар та тодорхой зөвлөгөө өгөхгүй юү?

-Эмчлэгч эмч болон өрхийн эмч нар өвчтөний онош эмчилгээг тогтоон рашаан сувилалд явуулах заалтыг шинжилгээ, дүгнэлтийн хамтаар гаргаж өгснөөр рашаан сувилалд явах эрх бүхий болж, нийгмийн халамж даатгалаас хөнгөлөлт эдэлдэг учиртай. Рашаан сувиллын газрууд хувийн хэвшилд орж, ашгийн төлөө байгууллага болсноор нийгэм халамжийн, даатгалын болон эмч нарын хяналт суларч, хүндээ тавих анхаарал сарниж, хоосон хуурмаг бичиг баримтаар халхлан будлиулдаг болжээ. Рашаан сувилалд очсон хүн бүрт эмчилгээ үр дүнгээ өгнө. Олон жил рашаан сувилалд эмчлүүлж байгаа хүмүүс өөрт тохирох рашаан шавар, тэдний үйлчилгээний ид шидийг мэддэг. Өөрийн найз нөхөд, төрөл садан, үр хүүхдийг рашаан сувилалд хамт авч явдаг. Хүний бие махбодь харилцан адилгүй тул тухайн рашаан шаврын найрлага дахь минериал, эрдэс таарахгүй харшдаг. Үүнийг манайхан гам алдлаа, таарсангүй гэж үздэг. Тэгэхээр хүн бүр өөрийн хяналтын болон өрхийн хариуцсан үзүүлдэг эмчтэй болж, таарах рашаан сувиллын ялгааг мэдэж, нийгмийн даатгалдаа хамрагдах шаардлагатай. Уламжлалт эмчилгээ, рашаан сувиллын эмчилгээнд орсон хүн болгоны өвчин сэдэрнэ. Энэ нь архаг хууч хөдлөж байж биеэс хор гарч эмчилэгдэж байгаа хэрэг.

-Рашаан сувилалд явж эмчлүүлсэн хүмүүс өвөл нь гам барихгүй бол өвчин нь улам хүндэрч дахидаг гэсэн ойлголттой байдаг. Энэ үнэхээр үнэн болов уу?

-Таарсан уламжлалт эмчилгээ, рашаан сувиллын эмчилгээ хийлгэсэн хүний дархлаа сайжирч, биеийн интерферон ялгаруулах урвалж идэвхтэй болж, цуллаг эрхтэний үйл ажиллагаа сайжирдаг тул жил сар өнгөрөх тусам бие нь сайжирч эмчлэгдэнэ. Мэдээж эмчилгээний дараа нэг хэсэгтээ биед их хэмжээний бодисын солилцооны өөрчлөлт орох тул хоолны дэглэм, халуун хүйтний харшлыг тэвчих хэрэгтэй.

-Рашаан сувилалд явж болохгүй хүмүүс гэж бий юу? Өвчин нь хүндрэх магадлал бий биз?

-Хавдартай болон идээт буглаатай, бөөрний болон элэгний өвчин хүндэрсэн үед харшилтай, зүрхний, уушгины астматай хүмүүс эмчийн хяналтад байж зааврын дагуу эмчилгээ хийлгээрэй. Хоолойны архаг үрэвсэлтэй, үе мөчний сэдэрдэг өвчтэй, бруцеллёз, бруллёз, ревматизмтай хүмүүс салхи хүйтний улмаас өвчин сэдрэхийг санаж явахад илүүдэхгүй.

-Иргэд дур мэдээд, найз нөхдөөрөө нийлээд рашаан сувилалд явчихдаг?

-Би түрүүн цухас дурьдаад өнгөрсөн. Рашаан, сувилал амралт учир найз нөхөдтэйгээ нийлээд амарч, кайф авч, зугаалж цэнгэж, хөгжилтэй байх нь эмчилгээний 50 хувь үр дүнг авчирдаг тул хамтр явах нь зүйтэй. Гэхдээ рашаан, шавар, уламжлалт эмчилгээг тэнд ажиллаж байгаа эмчийн хяналт дор хийлгэх хэрэгтэй. Өөрсдийн хүслээр нуурын шаварт орох, иллэг хийлгэх, хоолны эмчилгээ зэрэг нь сувилал амралт тул хүн болгоны таалал мэднэ.

-Рашаан сувилал гэхээр зарим хүмүүс худлаа гэж хүлээж авах нь ч байдаг. Ер нь шинжлэх ухаанаар нотлогдсон байдаг уу?

-Монголын "Рашаан сувилал” бол хүний эрхтэн махбодийн үйл ажилгааг нөхөн сэргээх томоохон институт. Олон мянган жилийн өмнөөс уламжилж ирсэн ардын болон уламжлалт эмчилгээний Эрдэм Шинжилгээ судалгааны томоохон лаборатори болсоор ирлээ. Манай улсын шинжлэх ухааны эрдэмтэд рашаан ус, шавар, зарим нуурын усны найрлага, шаврын эмчилгээний ач холбогдол химийн болон изотоп найрлагыг тогтоосон байдаг. Ингэж  тогтоосноор хүний биеийн физиолог үйл ажиллагаа болон эмгэг физиолог үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна гэдгийг судлан тогтоосон байдаг. Тэгээд ч эмч нарт тусгайлан рашаан сувиллын газруудын үйл ажиллагаа, рашаан шаврын найрлагын хөтөч гаргаж, үүдэн эмнэлгүүдэд тусгай эмнэлзүйн болон эмчлүүлэгчдийн эмчилгээнд явах заалтуудыг гаргаж өгдөг.

-Рашаан ууж л байвал сайн гэдэг. Тогтсон хэмжээ норм бий юү? Хэтрүүлэн хэрэглэвэл сөрөг нөлөө гарах уу?

-Ч.Чимид гуай "На здоровья” гэсэн үгийг "Хүрт хүрт, рашаан болог” гэж орчуулж байсан гэдэг. Тэгэхээр рашаан хүний биеийг эрүүлжүүлэх найрлага бүхий кали, магни, кальци, фосфор, хүхэр, төмөр гээд олон төрлийн эрдэстэй байдаг тул сөрөг нөлөөгүй. Харин хүний биеийн онцлогоос хамаарч эрдсийн дутагдалтай үед рашаан амттай, эрдсийн дутагдалгүй хүнд уухад хэцүү, гашуун байх нөлөө бий.

-Нэг рашаанд ороход зарим хүмүүсийн өвчин бусдадаа халдаж, өвчингүй байсан хүмүүс өвчтэй болоод ирэх тохиолдол бий гэж ярьдаг. Ийм байж болох уу?

-Рашаан, нуур, шаварт орсоноос өвчин халдахгүй. Харин ариун цэвэр сайн сахиагүй, цэвэрлэгээ ариутгал муутай сувиллын ор дэвсгэрээс өвчний, мөөгөнцөрийн халдвар авах тал бий.

-Таны мэдэж байгаагаар аль аль рашаан сувиллууд ямар эмчилгээнд сайн байдаг вэ?

-Дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлтэй, бамбайн хүндрэлтэй, чихрийн шижинтэй хүмүүс өөрсдийн таарах изотопын найрлагатай рашаан сувилалд явах хэрэгтэйг онцлон хэлэх байна. Булган аймаг, говийн аймгийн нутагт чихрийн шижинд тохирсон изотопын найралгатай рашаан байдаг гэж сонссон. Хужирт, Жанчивлан, Оргил, Шаргалжуут гээд томоохон рашаан сувиллын танилцуулга, найрлага интернэтэд байгаа тул би энд өгүүлэх нь илүүц биз. Харин арьсны өвчтэй, псириазтай хүмүүс Аварга тосон, Бөөрөлжүүт зэрэг нуурын улаан, цагаан хар шаварт орж эмчилгээ хийлгэдэг.

-Манай уншигчдад маш хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Өөрийн эрүүл мэндээ дээдлэгч Та бүхэнд аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


suwilal

-ЗАРИМ РАШААН СУВИЛЛЫН ГАЗАРТАЙ ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР-

1. Аварга тосон сувилал – 70003032, 96363032, 95829918

2. Өөш манхан сувилал – 99118166 , 99038736 , 99274746 95999969

3. Хасу-Шивэрт сувилал – 9865 3212, 94963212, 99007314 , 95813212

4. Задгай цагаан сувилал - 99156155

5. Баянгол Эко сувилал – 88939900, 70130108

6. Отгонтэнгэрийн рашаан сувилал – 99051478, 93036701

7. Галт халуун рашаан сувилал  - 98108083, 98283080, 98008083

8. Хужирт рашаан сувилал – 91913860, 99093324, 98100090

9. Нар-элс сувилал – 99082710, 99082703

10. Өвөр жанчивлан сувилал - 88001511, 322075

11. Ар жанчивлангийн сувилал – 99041639

12. Могойт рашаан сувилал – 99065023, 9306503

13. Багануур сувилал - 93049261, 93049274, 70210109

14. Халзан уулсын рашаан сувилал – 70522742, 99733001

15. Өхэг рашаан сувилал – 99311112, 98117112, 88242468, 98309486

16. Хандгайт хуурай рашаан сувилал – 99027314, 99096938

17. Мойлтын тохойн сувилал – 99615749, 95955807

18. Гурван нуурын рашаан сувилал – 99378342, 01562-2652

19. Шаргалжуут рашаан сувилал – 70003034, 70003032, 95829918                                                                        

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Баянгол эко сувилалын дугаар буруу дугаар байна лээ шүү. Наад дугаараа устгаарай. Хайран цаг зав нэгжээ барчлаа

Сайн байна уу? Танай сайттай холбогдох утас юмуу мэйл хаягаа үлдээгээч