Ипотекийн зээлийг хэвийн олгуулах хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийг хэлэлцэж 96.8 хувийн саналаар дэмжлээ. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ. Мөн УИХ-ын Хуульзүйн байнгын хороо одоо хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцэхээр боллоо.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс шалтгаалан Монголын банкны холбооноос жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоосон гэж мэдэгдсэн. Энэхүү зээлийг үргэлжлүүлэн олгох үүднээс Д.Ганбат нарын 27 гишүүн энэхүү хуулийн төслийг боловсруулж өргөн бариад буй юм.
Хэлэлцүүлгийн явцад
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ихэнх улсын банкны асуудалд УИХ-ын дарга байтугай Ерөнхий сайд оролцдогггүй юм шүү. Яагаад энэ хуулийг өөрчлөх гээд байгаа юм. Орон сууцны зээл авсан хүн яагаад боол болох юм. Бөөнд нь мөнгө төлсөн ч үндсэн зээлээс нь хасагдахгүй байна шүү дээ” гэж асуусан юм. Энэхүү асуултад УИХ-ын гишүүн Д.Ганбат "Тухайн иргэн хөлслөх түрээслэх асуудлыг банкнаас асуухгүйгээр тухайн иргэн шийдвэрлэж болно шүү дээ” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "АН-аас ипотекийн зах зээлийг үгүй хийхийг огтхон ч хүсэхгүй байгаа, харин ч зээлийн хүүг бууруулахад анхаарч байна” гэлээ.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ "Иргэний хуульдаа өөрчлөлт оруулаад түрээслэх буюу хөлслөхдөө тухайн банкнаас асуухгүй харин худалдаалах, шилжүүлэх тохиолдолд тухайн зээл авсан банкнаасаа асуудаг байя л гэж байгаа юм. Энэхүү хууль дээр улстөржих ямар ч боломжгүй. Маргаад байх асуудал биш, нийгэмд үүссэн асуудлаа мэдэж байгаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор арилжааны банкууд зээлээ зогсоосон. Яаж ипотекийн зээлийг үргэлжлүүлж явуулах вэ, гарц нь Иргэний хуульдаа, Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульдаа өөрчлөлт оруулъя гэдэг хуулийн гаргалгаан дээр очсон. Энэ хуулийг яаралтай батлах хэрэгтэй” гэх байр суурийг илэрхийлж байлаа.
Хуулийг баталснаар орон сууцны ипотекийн зээл үргэлжлэх бүрэн боломжтой эсэх, хүүгийн хэмжээ буурах эсэхийг гишүүд байнгын хороо болоод ажлын хэсгээс сонирхож байсан юм.
Монголын банкны холбооны дарга О.Орхон "Банкууд зээл олгохдоо хүүгийн асуудлыг яриагүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүх зээлд энэ хамаарч байгаа. Банк барьцаа авах, барьцаалуулагч өмчлөгчөө өмчлөхөд ямар нэг өөрчлөлт ороогүй. Зөвхөн банкнаас зөвшөөрөл авдаг байсныг хүчингүй болгосон. Барьцааны зүйл нь хаана явж байгаа, вэ гэдэгт хяналт тавихгүйгээр банкны хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадахгүй. Түрээслэх, ашиглах үйл ажиллагаан дээр зөвшөөрөл авдаг байсныг болиулж, гуравдагч этгээдийн эрх мэдэлд шилжүүлэхдээ банкнаас зөвшөөрөл авахыг л шаардаж байгаа. Хэрэв энэхүү хууль батлагдвал 8 хувийн зээл шууд олгодож эхэлнэ. Нийт 70 гаруй тэрбумын ипотекийн зээл олгогдоход бэлэн болоод байна” гэж хариулсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Намайг зургаан хувийн зээлийг зогсоосон гээд сурталдаад байгаа. Ипотекийн зээл олгох гэхээр мөнгө чинь байхгүй гэдэг нь үнэн шүү дээ”.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Та нар Үндсэн хуулийн цэц рүү ямар их дайрч байна аа. Угаас наад ҮХ-ийн цэцийн дээр Ардчилсан намынхан гарчихсан шүү дээ. Зээлдэгч, зээлдүүлэгч хоёрт ижил тэгш эрх байдаггүй, байгалиасаа. Энэ үед төрөөс зохицуулалт хийж өмч хөрөнгөө хамаагүй хямд үнээр битгий алдаарай гэдэг эрхийг л хангаж өгөх ёстой. Банкууд хөлсний бууны нохой болчихож” гэсэн юм.
Д.ЖАРГАЛ
Сэтгэгдэл байхгүй байна.