Ипотекийн зээл олгох хууль нэг алхмаар урагшиллаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд-ийг хэлэлцлээ. Энэхүү хуулийг баталснаар жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэвийн олгож эхлэх, зээлийн хүүг бууруулах боломжтой болох юм. Тус асуудлыг хэлэлцээд хэлэлцэх зүйтэй гэж гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн юм.
Хэлэлцүүлгийн явцад гишүүд дараах байр суурийг илэрхийлж байсан юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
-Үндсэн хуулийн цэц шийдвэрийн үндэслэлээс гадна үр дагаварыг хардаг байх ёстой. Шийдвэрээ судалгаа, тооцоо, үндэслэлтэй гаргахаас өмнө үр дагавараа харах нь олон улсын Үндсэн хуулийн шүүхүүдэд тавигддаг стандарт шаардлага шүү дээ. Бид нарын хэлэлцэж байгаа хуль бол ипотекийн зах зээлийг эрсдэлгүй болгож байгаа гэдгийг дурдах ёстой. Хууль тогтоогч хариуцлагагүй хууль тогтоогоод энэхүү шийдвэрээс олон хүн хохирч байна гэдэг үндсэн хуулийн манаачтай болж болохгүй. Энэхүү хуулийг яаралтай батлах ёстой. Маш олон хүний хүсэл эрмэлзлэл, өмч хөрөнгөтэй болох олон бизнес төлөвлөгөө түгжигдээд байна. Энэхүү мухардлаас яаралтай гаргах ёстой. Үндсэн хуулийн цэцэд хоцрогдсон, асуудлаа давхар харж чаддаггүй өөрсдийгөө дархлагдсан гэж хардаг хувь хүмүүс байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
-Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэлдэхүүн ямар байхаас үл хамааран өнөөдөр улс орны нийгэм эдийн засгийн бодит байдлыг томоор харж чаддаг байх ёстой. Улс орныхоо үндэсний язгуур эрх ашгийг харж байх ёстой. Бид иргэний ардчилсан нийгэм байгуулж байгаа гэлцдэг шүү дээ. Үндсэн хуулийн цэц иргэний ардчилсан нийгмийн төгөлдөршүүлэх, үндсэн хуулийн дархлааг хамгаалах байгууллага. Гэтэл иргэдийн эрх ашигт нөлөөлөх шийдвэр гараж байгаа нь туйлын харамсалтай. Энэхүү хууль бол зайлшгүй гарах ёстой хууль. Учир нь тус хуулийн цаана маш олон хүний амь амьдрал холбоотой зогсчихсон байна. Өнөөдөр Улаанбаатар хотын утааны асуудлаас болж эрүүл мэнд амь амьдралаараа хохирч байгаа бүх л хүн ипотекийн зээлийн үр нөлөөг ойлгож байгаа шүү дээ. Тохилог орчинд амьдрах хүн бүрийн хүсэлд саад болж байна гэдэг бол туйлын харамсалтай юм. Үндсэн хуулийн маргааныг шийдэх процест тодорхой өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй. Хэн нэгний захиалгаар, хэн дуртай нь өргөдөл гаргаад л Үндсэн хуулийн цэц тэрхүү захиалгыг гүйцэтгэдэг болчих вий гэж эмээж байна. Үндсэн хуулийн асуудлаар маргаан үүсгэх субект хэн байх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
-Арилжааны банкууд зээлийн хүүгээ бууруулах боломжтой болсон гэж мэдэгдэж байгааг дэмжиж байна. Банкнуудын холбоо болон арилжааны банкуудаас ипотекийн зээлийн хүүг бууруулах хуулийг гаргаж өгч байгаа нь зээлийн хүүг бууруулах улмаар ипотекийн зах зээлийг дэмжих, банкуудын аюулгүй байдлыг хамгаалж байгаа гэдгийг олйгох хэрэгтэй шүү.
Д.ЖАРГАЛ
Сэтгэгдэл байхгүй байна.