Уяачдад Монгол Улсын хууль үйлчлэхгүй байна

0

Орчин цагийн уяачид өөрсдийн хүүхдээр морио унуулдаггүй. Тэд амьжиргааны түвшин доогуур амьдралтай айлын хүүхдүүдийг эцэг эхтэй нь тохиролцсон нэрийдлээр хурдан морио унуулдаг. Хүүхдүүд өвөл, хаврын хахир хатуу цагт хурдан морь унахын хажуугаар моринд өвс тэжээл тавих, хашаа хороог цэвэрлэх зэрэг хүнд хүчир ажил хөдөлмөрийг эрхэлдэг. Жилийн жилд хүүхэд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн төрийн бус байгууллагууд хамтран тэмцдэг боловч тодорхой үр дүнд хүрдэггүй байна. 

С.Одонтуяа нарын гишүүн "Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг санаачлан энэ оны хоёрдугаар сард УИХ-аас баталсан. Энэ хуульд унаач хүүхдийн дээр өгүүлсэн нөхцөл байдлыг судлаад "Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж үзжээ. Эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байхаар хуульчилж өгсөн.

 

Мөн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчилэн баталсан байдаг. Хөдөлмөрийн сайдын баталсан энэхүү тушаалын хавсралтын 3.10.2-т жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр морь унуулахыг хориглосон шийдвэр гаргасан байдаг. Дээрх шийдвэрийн хугацааг 6 дугаар сарын 1 хүртэл сунгах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Учир нь тэр үед хүүхдийн хичээл сургууль ч амарна, цаг агаар ч харьцангуй дулаан болох учраас сайд шийдвэрээ эргэн харж хугацааг сунгахыг санал болгож байна.

Өвөл, хаврын хахир хатуу цагт хүүхдээр уралдааны морь унуулах нь битгий хэл сунгаа үсэргээнд морь унуулахыг хориглосоор байтал аймаг, сум бүр өөрсдийн хаврын уралдааныг хийж уралдуулсаар л байна. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөөр байна. Улмаар энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн уяачдын холбооны Хангарьд нэртэй уралдаан зохион байгуулахаар товлогдсон. Дээрх уралдаанд оролцохоор дөрөвдүгээр сараас эхлэн уяачид морьдоо бэлтгэн үсэргээ сунгаа хийсээр байгаа. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн өнөө цагт олон тооны уралдаан наадмын зардал санхүүжилт хаанаас гардаг нь бас сонин.  

Эцэст нь дүгнэхэд Монгол Улсын хууль тогтоомж уяачдад үйлчлэхгүй байсаар байна. Уяачид гэх нөхөд Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж, амьдардаг л баймаар юм даа.

 

Х.Цэцэг

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.