2,9 тэрбум төгрөгөөр наадна
Энэ жилийн баяр наадмын төсвийг 2.9 тэрбум төгрөгөөр баталжээ. Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам АСЕМ-ийн чуулгантай давхцаж буй учраас бэлтгэл сайтай, ёслол төгөлдөр тэмдэглэхээр албаныхан хичээж буй бололтой. гадаадын зочид төлөөлөгчид олноор ирэх учраас төв цэнгэлдэх хүрээлэнд ч өмнөх жилүүдээс илүү их засвар хийх шаардлага гарчээ. Гэхдээ нийт төсвийн хэдэн төгрөг нь засварт зарцуулагдах нь тодорхой болоогүй, зарим засварын ажил ч эхлээгүй байгаа юм.
Тэгш ой тохиож буй учраас энэ жилийн наадмаар 1024 бөх зодоглох бөгөөд нутаг нутгийн бөхчүүд галдаа гарсан байна.
Улсын баяр наадмыг эхлүүлдэг сур харваачид ч талбайгаа тохижуулж, бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ жил 400 гаруй харваач халх сурын харваанд оролцох тооцоо байгаа аж.
АСЕМ-ийг угтаж хотоо гоёж буй эрх баригчид Хүй долоон худаг орчмын зүлэг ногоогоо ч хайрлаж гамнан, наадам хүртэл тэмцээн уралдаан зохион байгуулж, хөрсийг нь эвдэхгүй байхыг үүрэг болгожээ. Хүй долоон худаг болон наадмын төв талбайд 7300 машины зогсоол гаргахаар албаныхан бэлтгэж байгаа аж.
Наадмын энэ бүх бэлтгэл ажлаас илүүтэй нээлтийн ёслол олны сонирхлыг хамгийн их татаж байгаа нь лавтай. Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолыг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар томилогдсон. Уран бүтээлдээ шинэ содон санаа, шийдэл гаргахыг эрхэмлэдэг залуу найруулагч Монгол даяараа үздэг наадмын нээлтээр юу үзүүлэх вэ гэдгийг олон хүн сонирхон хүлээж суугаа.
Тэгвэл түүний төлөвлөж буйгаар Хүннү гүрэн, Их Монгол Улсын түүхээр хоромхон хугацаанд аялуулж, 40 морьт цэрэг цэнгэлдэхэд оруулж ирэхээр болжээ. Мөн Б.Шаравын "Монголын нэг өдөр” зургийн өгүүлэмжээс үзүүлж, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол” шүлгийг толилуулах үзүүлбэр наадмын нээлтэд багтжээ. Мөн гавьяат дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа болон "Увертюра” хамтлаг дуулах мэдээ байна.
Б.Энх
Сэтгэгдэл байхгүй байна.