Малчдын саналыг гуйвуулж хуурамч тогтоол гаргуулжээ
Түрүүч нь http://www.polit.mn/content/84420.htm
Газрын тосны хайгуулын талбай Тэс сумын 3100 км.кв талбайн 1100 км.кв газар нутагт хийгдэх болсон нь малчид эсэргүүцэх гол шалтгаан болжээ.
Монгол Улсын засаг захиргааны нэгжийн тогтоолыг захын нэг гадаад компани өөрсдийн захиалгаар үйлдүүлж болох уу. Ийм ноцтой явдал баруун хязгаарт нэг бус удаа гарч, иргэдийн газар нутгаа хамгаалан эсэргүүцсэн саналыг эсрэгээр нь ашиглачихаад "Хохирлоо төлүүлнэ” гэж том дуугарч явна, гадныхан.
Газрын доорх хар алтны хоёр дахь том уурхай байж болох "Увс-1” талбайг эзэмшсэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Монголиа гладвилл Увс петролиум” компани орон нутагт хууль бус тогтоол гаргуулахаас эхлээд Монгол Улсын хууль, журмыг уландаа гишгэсэн олон явдал өнгөрсөн хугацаанд болжээ. Эдгээр нь Монгол Улсын болон олон улсын 10 орчим хууль, гэрээ, конвенцийн 30 орчим заалтыг зөрчсөн үйлдэл гэж Увс аймгийн Тэс сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийнхөн үзэж байв. Тодруулбал, Үндсэн хууль, Газрын хэвлийн тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хууль, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын холбогдох олон заалт "Гладвилл” компанийн хайгуулын ажлын явцад зөрчигджээ.
Сурвалжлах баг Тэс суманд очиход хуурамч тогтоолын асуудал ид яригдаж байв. "Багийн хурал болоход газрын тосны хайгуул хийхийг бүх хүн эсэргүүцэж байсан. Манай нутгийн хөрс эмзэг, газар нутгийн хувьд ч бага. Бэлчээр, ус хүрэлцээ муутай байхад ямар ч хэл яриагүй хэсэг нөхөд ирээд том, том машин техник агсаад хайгуул хийгээд эхлэхээр хэн дуртай байх билээ. Амин зуулга болсон малын бэлчээрээ хамгаалж үлдэхийн тулд бид Тэсийн нутагт газрын тосны хайгуулыг хийхийг сум даяар эсэргүүцсэн. Гэтэл малчдыг зөвшөөрсөн мэтээр тогтоол үйлдээд, ард нь бидний гарын үсгийг ямар ч тэмдэг, толгойгүй хавсаргачихсан байна лээ” хэмээн Тэс сумын малчид, иргэд хэлж байлаа. ИНХ-ын тогтоолыг хууль бусаар үйлдсэн даргыг хатуу үгээр чичилж, сумаараа жигшсэн шинжтэй. Уулзсан хүн бүр тогтоолын тухай ярьж "Би зөвшөөрөөгүй”, "Миний гарын үсэг яагаад байдаг билээ” гэцгээнэ.
Л.Цэндсүрэн: БУСАД БАГИЙН ТОГТООЛЫГ ХУУЛААД БИЧЧИХЭД БОЛНО ГЭСЭН
"Гладвилл” компанийн Тэс, Зүүнговь, Наранбулаг сумын нутагт хэрэгжих "Увс-1” газрын тосны хайгуул, судалгаа хийх төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд дээрх гурван сумын гурван багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, иргэдийн гарын үсгийг хавсаргажээ. Орон нутгийн иргэд өөрсдийнх нь газар оронд хайгуулын ажил явуулах эсэхийг хэлэлцэх ганц боломж нь энэ. Энэ ч үүднээс Зүүнговь, Тэс сумын малчид Иргэдийн нийтийн хурлын үеэр бүгд эсэргүүцжээ. Гэвч "....багийн нутаг дэвсгэрт хайгуулын судалгаа хийхийг дэмжив” хэмээн хуралд оролцогчдын саналын эсрэг, хуурамч тогтоолууд үйлдсэн байна. Үүний нэг нь Тэс сумын есдүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол юм. "Гладвилл” компани хайгуулын ажил явагдах ёстой ес, аравдугаар багийн иргэдийг цуглуулж өнгөрсөн долдугаар сарын 7-нд Иргэдийн нийтийн хурлыг хуралдуулжээ. Хуралд аравдугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ирсэн ч есдүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Л.Цэндсүрэн Увс аймгийн төвд ажилтай байснаас ирээгүй байна. Аравдугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга хурлаар асуудал хэлэлцээгүй учраас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзжээ. Гэтэл "Гладвилл” компанийнхан хуралдаа ирээгүй дарга Л.Цэндсүрэнтэй утсаар холбогдож тогтоол баталж өгөхийг шаарджээ. Энэ тухай есдүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Л.Цэндсүрэн "Аймгийн төвд байтал нэг эмэгтэй утсаар холбогдож "Тантай уулзах шаардлагатай байна. Яам руу явах ёстой бичиг хугацаа алдаад байна. Бусад газрууд тогтоол батлаад өгчихсөн. Танай баг руу яваад хурал хийгээд ирлээ. Та тогтоол гаргаад өг” гэхэд нь би яваад очтол танихгүй эмэгтэй байсан. Ямар ажилтай, хэн гэдгийг нь мэдэж чадаагүй. Ямартаа ч "Гладвилл” компанийн хүн байсан. Надад Зүүнговь, Наранбулагийн багийн тогтоол гаргаж үзүүлээд "Ийм тогтоол хийгээд өг. Танаас болж хугацаа хожимдоод байна” гэсэн. Надад тэр үед тогтоол үйлдэх албан бланк байгаагүй. Тэр тухайгаа хэлэхэд "Компьютерийн газраар хийлгэчих. Тэгээд бусад багуудын тогтоолыг хуулаад биччихэд болно” гэснээр хийж өгсөн. Тухайн үед надаас болж албаны ажил хэцүүдэж байгаа юм байна гэж бодоод хийгээд өгчихсөн. Дараа нь энэ асуудал хууль бус байснаас багийн иргэдийг дахин хуралдуулж иргэдийн саналаар газрын тосны хайгуулын ажлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн тогтоол гаргасан” гэж байна. Төрийг төлөөлж ард иргэдийн дуу хоолой болох ёстой дарга нь хүртэл ийм том ажилд хайхрамжгүй хандсан нь орон нутагт төрийн албаны ажил ямаршуухан явдагийн жишээ энэ биз.
Үүний араас Тэс сумын 10 багийн Иргэдийн нийтийн хурал болж, газрын тосны хайгуулыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн тогтоолыг баталж, аймгийн ЗДТГ, "Гладвилл” компани, Ашигт малтмал, газрын тосны газарт илгээжээ. Гэвч "Гладвилл” компанийн зүгээс аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн албан бичигтээ "....Орон нутгийн иргэд энэ ажлыг бүрэн дэмжиж байгаа” гэсэн нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.4.8-д заасан төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл байх ёстой гэсэн заалтыг зөрчжээ. Зүүнговь сумын Өгөөмөр багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол ч иргэдийн саналын дагуу бус, хэсэг бүлэг хүмүүсийн явуулгаар компанийн талд гарсан гэж нутгийнхан болон сумын удирдлагууд онцолж байсан.
ТЭС СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ГУРАВНЫ НЭГ НЬ ХАЙГУУЛЫН ТАЛБАЙД ОРЖЭЭ
Тэс сумын хувьд Зүүнговийн адилаар байгалийн цогцолборт газар элбэгтэй. Тэс, Нарийн, Жирээ, Үхэг, Орхиг, Хошит эргийн голууд нь Увс нуурт цутгана. Байгалийн зэрлэг чацарганы өлгий нутаг төдийгүй хээр тал элсэн манхан хосолсон байгальтай. Тэс сум 5000 гаруй хүнтэй. Газар нутгийн хэмжээ 3100 км.кв. 300000 малтай. Бэлчээр нутаг бага учраас зэргэлдээх Зүүнговь, Наранбулаг суманд малчид нь оторлодог аж.
Газрын тосны хайгуулын талбай тэдний 3100 км.кв талбайн 1100 км.кв газар нутагт хийгдэх болсон нь малчид эсэргүүцэх гол шалтгаан болжээ. Малаа багтааж чадахгүй байгаа бэлчээр нутгийнх нь гуравны нэгийг гадны компанийн мэдэлд өгөхийг тэд хүлээн зөвшөөрөхгүй гэж байв. Хайгуулын талбайд мөн л Зүүнговь сумын адилаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар, малчдын өвөлжөө, хаваржаа оржээ. Газар шороо, түүний баялгийг хүртэх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ шаардаж Тэс сумын иргэд өнгөрсөн наймдугаар сараас хүчтэй тэмцэл өрнүүлжээ.
"Гладвилл” компанийнхан анх сумын төвийн хаяанд чичирхийллийн дөрвөн машинтай ирсэн байна. Хайгуулын талбай сумын төвийн дэргэдээс эхэлжээ. Анх наймдугаар сарын 4-нд компанийнхан хайгуулын ажил хийхээр ирж нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулаад буцсан бол энэ сарын 10-нд дахин том машин техникээ агсаад сумын төвийн хаяанд газар ухаж эхэлсэн байна. Өмнө нь ИНХ-аараа эсэргүүцээд явуулсан компанийхан хэл чимээгүй том машин техниктэй ирэхэд сумын төв, 10 багийн иргэд тэр дороо цуглаж эсэргүүцэл үзүүлжээ. Олон хүн хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болоход аймгийн төвөөс цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлэн ирж иргэдийг тараахыг оролдсон тухай Тэс сумын иргэн Ц.Батнасан ярив. Тэрээр "Бид газар нутгийнхаа төлөө нэгдэж эсэргүүцэл үзүүлсэн. Угаас уул уурхайн хайгуул, олборлолт байгаль орчин, нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчдөг болохоор газрын тосны хайгуулыг манай нутагт хийснээр сайн зүйл болохгүй. Бэлчээрийн хомсдолтой, эмзэг хөрстэй газрыг хүнд даацын машин дорхноо талхлана. Бид уул уурхайгүйгээр уламжлалт мал аж ахуй, байгалийн бусад баялаг, өөрсдийн оюун тархиараа олон зуун жил амьдраад ирсэн ард түмэн. Ийм л зарчмаар хайгуулын ажлыг эсэргүүцсэн. Цагдаа нар цуглааныг тараахыг оролдож, надаас байцаалт авсан. Бүр "Баривчилна. Дулаан хувцсаа бэлд” гэж нэг өдрийн турш айлгасан. Ямартаа ч нутгийнхан маань хүчтэй эсэргүүцэж чадсанаар компани машин, техникээ аваад кемп рүүгээ буцсан” гэлээ.
Тэс суманд болсон энэхүү эсэргүүцлийн цуглааны үеэр аймгийн төвөөс цагдаагийн албан хаагчид олноор ирж хууль сахиулсан нь өөр зорилготой болохыг зарим эх сурвалж хэлж байв. "Засгийн газрын шийдвэрээр "Гладвилл” компанид зөвшөөрөл олгосон. Гэвч сумдын иргэдийн эсэргүүцэлтэй тулж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Иргэдийн эсэргүүцлийг дарж, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор Засгийн газрын өндөр албан тушаалтнуудын даалгавраар цагдаа, хүчнийхэн Тэс суманд очсон” гэж байв.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл байхгүй байна.