Хөдөө аж ахуйн биржийн захирал сарын 9.5 сая төгрөгийн цалинтай
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцсэн. Байнгын хорооны гишүүд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж, төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа. Учир нь, Ажлын хэсгийн мэдээллээр бол төрийн оролцоотой аж ахуйн нэгжийн тоо 90 хүрчээ. Тэдгээрээс гурав нь огт ажилладаггүй. Мөн сүүлийн дөрвөн жилд төрийн өмчийн оролцоотой үйлдвэр, компаниудын орон тоо 15 хувь буюу 5000 хүнээр нэмэгдсэн байна. Тэдний өр 10.8 их наяд төгрөгт хүрсэн гэнэ. 2013 онд 2.5 их наяд төгрөгийн өртэй байсан бол ердөө л гурав орчим жилийн хугацаанд ийн өссөн аж. Эдгээр аж ахуйн нэгж 2012 онд 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол 2015 онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Иймээс Ажлын хэсгээс төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн орон тоог зохистой түвшинд нь авч ирж бууруулах, үйл ажиллагаа явуулдаггүй "Герман газ”, Монгол мах, "Техник спорт”, Аж үйлдвэрийн цогцолбор, Дархан газрын тос, Монгол тариалан корпораци, Аялал жуулчлалын үндэсний төв зэрэг аж ахуйн нэгжийг татан буулгах, төрийн өмчит оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор харилцах дансыг цэгцлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзжээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн талаар юу хэлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:
-Хөдөө аж ахуйн бирж нь 37 хүнтэй, захирлынх нь сарын цалин 9.5 сая төгрөг байжээ. Гэтэл 1200 хүн удирддаг компанийн захирлын сарын цалин 2.5 сая төгрөгийн цалинтай байх жишээний. Төрийн өмчит компаниудын захирлыг улс төрийн лоббигоор томилж ирсэн. Хариуцлагын тогтолцоо эргэж үйлчилдэггүй. Компани нь алдагдалтай ажиллаад байхад л захирал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, ТУЗ-ийн гишүүдийнх нь цалин өсөөд байдаг. ТУЗ-ийн гишүүн, дарга нарыг хэдхэн газраас буюу Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүрээнээс томилдог жишиг тогтсон. Үүнээс болж эрчим хүч, уул уурхайн салбарыг төлөөлөх хүн нь тавигддаггүй. Тавигдлаа гэхэд ТУЗ-д нөлөөлөх нөлөөлөл нь бага. ТУЗ-ийн гишүүдийг хоёр гуравхан газраас томилдогоос болж нэг хүн хэд, хэдэн төрийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүн болж, давхар давхар цалин авдаг гээд яривал цэгцлэх шаардлагатай олон асуудал байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Төрийн өмч гэдэг ард түмний өмч. Тиймээс олон нийтийн байгууллага, иргэдийн хяналтыг оруулах хэрэгтэй. Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлаж өгмөөр байна.
Төр нүүрс ухсаар байгаад нүүрсний салбарыг дампууруулсан. Төр барилга барьсан. Өнөөдөр барилгын салбар дампуурч байна. Төрийн эдийн засаг дахь оролцоог таслан зогсоох цаг боллоо.
Үр дагавар нь 11.3 их наяд төгрөгийн өр авлага үүссэн байна. Төр өөрөө арилжаа, эдийн засаг, бизнест оролцох хэрэггүй. Эцэст нь хариуцлага тооцох ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Бүх компаниа хувийн болгоно гэдэгтэй санал нийлдэггүй. Манай орон жижиг. Хэрэглээний орон учир бизнесийн зах зээлийн орчин муутай. Жишээлэхэд, урд хөршид хоолны газар нь өдөр шөнөгүй хүн бужигнадаг. Гэтэл манайд үдийн цайны цагаар л хоолны газар хөл хөдөлгөөнтэй байдаг. Энэ нь бидний өнөөдрийн бизнесийн орчныг харуулж байна. Бизнес эрхлэхэд хүнд байдаг учир компаниуд төрийг шохоорхон орж ирээд сууж байна. Гэхдээ манай оронтой адил жишигтэй улс орнууд стратегийн орд дээрээ төрийн өмчтэй.
Ялгаа нь тухайн компанидаа ур чадвар, мэдлэг сайтай мэргэжилтнээ илгээдэг. Цалин хангамж өндөртэй, төр нь анхаарч ажилладаг, хяналтын тогтолцоо сайн. Төрийн өмчийн байж болохгүй гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Одоо л төр арчаагүй болсон. Жижиг зах зээлтэй оронд хувийн хэвшил хэрэггүй.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа:
-Төр бизнесийн салбарт ямар муу менежер вэ гэдгийг харж байна. Төрд байгаа өмч, компаниудынхаа алийг нь хувьчлах, алийг нь стратегийн ач холбогдлоор нь байлгах вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Төрийн компанийн менежментийг сайжруулах ёстой. 187 тэрбум төгрөгийн ашигтай, 11.3 их наядын алдагдалтай төрийн өмчийн компаниудыг тус тусад нь гаргаж хэлэлцэх хэрэгтэй. Бөөнд нь оруулж ирээд улстөржүүлэх хэрэггүй.
Ийнхүү гишүүд саналаа хэлж, уг асуудлыг нягтлан хэлэлцэхээр ажлын хэсэгт шилжүүллээ.
Сэтгэгдэл байхгүй байна.