“Энэтхэгийн зуун” уу, эсвэл “Хятадын зуун” уу
Сүүлийн 35 жилийн хугацаанд хэдэн зуун сая хятад хүн аж үйлдвэрийн салбарт ажилд орж чадсан билээ. Энэ нь "хөдөлмөрийн зах зээлд олсон амжилтаараа дэлхийд тэргүүлэх улс” гэсэн статусыг БНХАУ-д өгч, өнгөрсөн зуун сүүлийн хагасын гол онцлох үйл явдал хэмээн тооцогдож байв. Дэлхий дээр өмнө нь нэг ч улс ийм богино хугацаанд иргэдээ ажлын байраар хангаж байгаагүй юм. Ийм зүйлийг бид дахиж харах болов уу. Энэ асуултад мэргэжилтнүүд "Харах бол тэр нь Энэтхэгт л байх биз” гэсэн хариултыг итгэлтэйгээр өгч байна.
Энэтхэг нь эртний соёл иргэншилтэй ч харьцангуй залуу хүн амтай улс. Тус улсын хөдөлмөрийн насны иргэдийн тоо жил бүр 12 саяар нэмэгдэж байдаг аж. Гэтэл БНХАУ-д өнгөрсөн жил хөдөлмөрийн насны иргэд гурван саяар буурчээ. Энэ байдлаараа арван жилийн дараа гэхэд тэд хөдөлмөрийн хүчээрээ дэлхийд тэргүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. Энэтхэгт цаг байгаа, боломжоо ашиглана гэдэгт итгэх өөдрөг үзэлтнүүд цөөнгүй байгаа юм. Жишээлбэл, нэрт эдийн засагч, "Энэтхэгийн зуун” номыг бичигч Камал Натх үүнд бат итгэлтэй байна. Шалтгаан нь ч маш бодитой юм.
Эдийн засаг өсч байгааг хөдөлмөрийн насныхан нэмэгдэж байгаатай холбож ойлгох явдал байна. 2005-2007 онд тус улсын эдийн засгийн өсөлт ойролцоогоор 9 хувьтай гарсан. Өсөлтийнхөө хувиар тэд 2010 онд БНХАУ-ыг ч гүйцсэн билээ. Энэ хооронд хүн амын өсөлт нь ч хоёр дахин нэмэгджээ.
1991 онд тус улсын Парламент эдийн засгаа либералчилахад төрсөн залуус одоо яг нөхөн үржихүйн насан дээрээ иржээ. Хүн амын 40 хувийг тэд бүрдүүлдэг болсон байна. Энэ нь улс төрийн салбарт ч нөлөөлөх бодит хүчин зүйл болж хувирчээ. Энэтхэгийн Засгийн газрын сайд нарын дундаж нас 65 байдаг. Тэр ч байтугай Тусгаар тогтносон Энэтхэг улсын үед төрсөн /1947 онд тусгаар тогтносон/ нэг ч Ерөнхий сайд байхгүй юм.Тэгвэл энэ байдал эвдэгдэж, Рахул Ганди төрийн тэргүүнд гарах цаг мөч ойртсоор байгаа аж. Учир нь, "Хуучин Энэтхэгт төрсөн хүн шинэ Энэтхэгийн эрх ашгийг хамгаалж чадахгүй” гэсэн үзэл залуусын дунд хүчээ авч байгаа юм.
Энэтхэг улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх хэмжээнд явж байгаа нь үнэн ч илүү эрчимжүүлэхийн тулд хөрвөх чадвар сайтай, уян хатан бодлого баримтлах нь зүйтэй гэж тэд үзэж байгаа юм. Залуус өсөөд л байдаг, ажлын байр байдаггүй. Эдийн засаг өсч байгаа ч ажиллах хүчнийхээ өсөлтийг гүйцэхгүй байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл байхгүй байна.