Трампийн засаглалын үеийн Монгол Улс, АНУ-ын харилцааны хэтийн төлөв

0

 

 
2016 онд дэлхийн хэд хэдэн оронд Ерөнхийлөгчийн болон хууль тогтоох байгууллагын сонгууль явагдсанаас дэлхий нийтийн анхаарлыг хамгийн ихээр татсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийн болон Конгрессын сонгууль байлаа.
 
Дональд Трампийн засаглалын жилүүдэд Монгол Улс, АНУ- ын харилцаа хэрхэн өөрчлөгдөх нь ч анхаарал татсаар байна.
 
Монгол Улс, АНУ хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойтойгоо ирэх онд золгох гэж байна. Энэ хугацааны ихэнхид нь буюу 20 гаруй жилд нь АНУ Монгол Улсын гадаад бодлогын чухал чиглэл байж ирлээ. Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлж, гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн нь хоёр орны харилцааг бэхжүүлэх үндэс болж байлаа.
 
Д.Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор шууд утгаараа АНУ-ын гадаад бодлогын шийдвэр гаргах хамгийн чухал субъект боллоо.
 
Д.Трамп сонгуулийн компанит ажлынхаа үеэр АНУ-ын өмнөх засгийн гадаад бодлогыг тодорхой хэмжээнд шүүмжилж байсан. Тэрээр өөрийн хэрэгжүүлэх гадаад бодлогоо "Америк нэгдүгээрт” (America First) хэмээн тодорхойлж байна. Түүний баримтлаж болох бодлогыг дараах байдлаар тоймлон харж болохоор байна.
 
•               Цэргийн зардлын өсөлтийг хэвээр хадгална. Тэгэхдээ НАТО-д болон Номхон далайд гаргаж буй зардлыг танана
•               Нэн түрүүнд дотоод асуудлаа шийдвэрлэх бодлого баримтлана.
•               Бусдын асуудалд хөндлөнгөөс оролцох явдлыг багасгана.
•               АНУ-д ашигтай биш бол ямар ч гэрээ хэлэлцээг цуцалж, олон улсын байгууллагаас гарна.
•               АНУ-д хууль бусаар оршин суугчидтай тэмцэнэ.
•               Дотооддоо үйлдвэрлэл эрхлэлтийгдэмжих.
 
Д.Трампын бодлого харьцангуй тодорхойгүй,таамаглахад хэцүү байгааг дээр дурдсан. Монгол Улс, АНУ сүүлийн 20 гаруй жилд харилцаагаа идэвхтэй хөгжүүлж ирсэн бөгөөд цаашдаа "Иж бүрэн түншлэлийн харилцаа”-гаа шинэ түвшинд гаргах зорилт тавин ажиллаж байна.
 
Мөн Д.Трампын засаглалын жилүүдэд АНУ-ын Номхон далайд хандсан бодлого сулрах төлөв харагдаж байна. Тэгэхдээ энэ нь АНУ, Япон болон Өмнөд Солонгос зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой хоёр талт харилцаануудад шууд нөлөөлөх боловч Монгол Улс АНУ-ын харилцаанд шууд утгаараа нөлөөлөх магадлал бага юм.
 
Тэгэхдээ АНУ, Монгол Улс тэргүүтэй хөгжиж буй орнуудад тавих анхаарлаа сулруулах магадлал бий. Тэр тохиолдолд Монгол Улс, АНУ-ын харилцааны мөн чанар өөрчлөгдөх магадлалтай. Монгол Улсад сүүлийн хорь гаруй жилд АНУ-ын зүгээс үзүүлсэн зээл тусламж, засаглалын загвар нь Монгол Улсын бодлогод шууд нөлөөтэй байсан. Хэрвээ АНУ, Монгол Улсад тавих анхаарлаа сулруулвал хоёр их хөршийнхөө нөлөөллийг гуравдагч их гүрнээр тэнцвэржүүлэхийг чармайдаг, тэр хүрээндээ гуравдагч хөршийн бодлого явуулдаг Монгол Улсын гадаад бодлого агуулга, хэлбэрийн хувьд өөрчлөгдөж, зарим талаараа гацаанд орох эрсдэл бий.
 
Д.Трамп АНУ-ын компаниудыг дотооддоо үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих зорилгоор АНУ-ын компаниудын төлөх зарим татварыг бууруулахаа мэдэгдсэн. Түүнчлэн дотооддоо нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бизнесийн эрх чөлөөг сайжруулах, гадны мэргэжилтнүүдийн визний нөхцлийг чангатгах төлөв байна.
 
Энэ нь АНУ-ын томоохон компаниудаас Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтыг шууд бус замаар багасгана.Д.Трамп Ерөнхийлөгч болсноос шалтгаалан АНУ, Монгол Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа ч зарим талаар өөрчлөгдөж болох юм. Хоёр орны харилцааны нэгэн чухал салбар нь энхийг сахиулах, энхийг дэмжих ажиллагаа байсаар ирсэн.
 
Хэдийгээр тэрээр дэлхий нийтэд тулгараад буй аюул занал, тэр дундаа терроризмийн аюултай тэмцсээр байх ч АНУ-ын холбоотнуудыг санхүүжүүлэх замаар бус дан ганц АНУ-ын хүчин чадал дээр суурилан тэмцэх төлөвтэй байна. Энэ нөхцөлд Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын харилцаа үлэмж сулрах нь тодорхой юм.
 
Мөн АНУ Номхон далай руу хандсан бодлогоо сулруулсан тохиолдолд Монгол Улсын Ази, Номхон далайн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлого сулрах магадлал бий. АНУ, Монгол Улсын энэхүү хүчин чармайлтыг дэмжиж ирсэн нь Монгол Улсын бодлогод чухал түшиг тулгуур болж ирсэн.
 
Эрдэм шинжилгээний ажилтан Р.Нямдаваа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.