ТРАМП ШИГ ЦАЛИНГААСАА ТАТГАЛЗАХ САЙД ДАРГА НАР МОНГОЛД АЛГА УУ
Нэг тэрбум 300 сая хүн амтай Хятадын дэргэд гуравхан сая хүнтэй Монгол орон их далайн шалбааг төдий юм. Монголын ганц "саалийн үнээ” гэгддэг "Эрдэнэт” үйлдвэр ч Хятадын аварга том компаниудийн дэргэд жижигхэн цех л гэсэн үг. Гэтэл эрх мэдэлтнүүдийн их хэмжээний ”хог новш”-оо шахаж өврөө түнтийлгэдэг "Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Монголдоо цалин хангамж хамгийн өндөртэй нь. Захирлаасаа буусан ч орон сууц гээд бөөн бэлэг.Өдөр оройн хоол, уудаг кофе нь ч дүүрч байдаг л хангамж. Архи дарс, гадаадад амрах, хүүхдийнх нь гадаадад сурах зардал гээд өчнөөн төчнөөн төгрөгийн хангамжтай хүн чинь цалингаасаа нэг төгрөг ч үрэхгүй цааш нь нам дарчихна. Тийм учраас УИХ-д аль нам олонхи болохов, тэр нам хамгийн "чухал” хүнээ тэнд томилдог. Энэ зарчим олон жил тогтсон, одоо ч үйлчилсээр байгаа. Энэ суудалд очсон хүн дорхноо л хөлждөг бөгөөд авсан цалингаасаа дэмжсэн дарга нартаа хувь хүртээдэг байж ч магадгүй гэж хардах хүмүүс ч бий. Үндэсний бөхийн томоохон барилдаанд түрүүлсэн бөх өөрийг нь их шөвөг юм уу үзүүр түрүүнд хүргэсэн "ах” бөхдөө тэргүүн байрын бай шагналаа "хураалгадаг” гэсэн яриа ч бөхчүүдийн дунд байдаг. Өнгөрсөн жил УИХ-ын сонгуульд МАН ялахад Д.Загджав, Х.Бадамсүрэн, Т.Бадамжунай нарын эрхмүүд "Эрдэнэт”-ийн босс болох өрсөлдөөнд уралдан тэмцсэний эцэст Д.Бадамсүрэнгийн аз шовойж торгон жолоогоо өргүүлсэн. Бодвол тэр хүн Ардын намдаа илүү их хандив өргөх сэтгэл зүрхтэй байсан болоод л тэр байх. "Эрдэнэт” үйлдвэрийн даргын авдаг хуучин цалинг ТӨХ эрс багасгаж аазгайг нь хөдөлгөж, араа шүдийг нь ярзайлгасан гэнэ. Яагаад гэхээр сардаа 300 мянган ам доллар авдаг байсныг 10 мянган доллар болтол унагажээ. Зүйрлүүлвэл далай шиг ихээр залгидаг байсан дарсыг данхаар балгадаг болгосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цолтой Х.Бадамсүрэн ердөө нэг сард 24,5 сая төгрөг авах болжээ. Монголд хамгийн их цалин хүртдэг цорын ганц дарга нь тэр боловч сэтгэл дундуур байгаа нь дамжиггүй. Ямар сайндаа ТӨХ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Ням-Осор "Надад ийм даалгавар өгсөн. Цалин тогтоохыг би биш, дээрээс шийдвэрлэсэн” гэж жижигрэх вэ. Мань эр цагтаа УИХ-ын гишүүн байсан зангарагтай эр. Тэрээр төрийн өмчийн компаниудын УЗ-ийн гишүүдийг жилд арав, хорин сая төгрөгний цалин авдаг байсныг харьцуулж сард 450 мянган төгрөг болгосноор олон "шуналт”-нуудын уурыг барсан. Ер нь манай том дарга нараас цалингаа авахаас татгалзсан эрхмүүд өдийг хүртэл гараагүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цалингаасаа татгалзаж 1 доллар болгосон бол хүргэн, ахлах зөвлөх Жаред Кушнер цалин авахгүй гэдгээ зарласан. Тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгөтэй Н.Номтойбаяр сайдаас эхлээд Сангийн сайд Чойжилсүрэн гэх зэрэг олон хөрөнгөтэй УИХ-ын гишүүн, сайдын цалингаа ядуу иргэддээ "өглөг” болгон өгдөг ч болоосой. Бодоод байхнээ манай томчууд Монголдоо дэндүү их хайртай бололтой. Тэгээд л дарга болж хөрөнгө, мөнгө идэж, хумслаж, хулгайлах гэж улайран зүтгэдэг юм биш үү...
Эх сурвалж:tonshuul.mn
Сэтгэгдэл байхгүй байна.