Таван хүний нэг нь Монголд шударга сонгууль явагддаг гэжээ
Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас коммунист дэглэмтэй байсан улс орнууд дэглэм нь унаснаас хойш өнгөрсөн арван жилд иргэдийнх нь амьдрал хэрхэн өөрчлөгдсөн талаар судалгаа хийсэн байна.
Арван жилийн турш хийгдсэн "Шилжилтийн үеийн амьдрал” нэртэй судалгаанд 34 улсын 51 мянган өрх оролцжээ.
Дэлхийн эдийн засгийн хямралыг үл харгалзан судалгаанд оролцсон улс орны иргэд Барууны орны иргэдтэй харьцуулахад ирээдүйгээ илүү өөдрөгөөр харж байсныг онцолсон байна.
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ахлах эдийн засагч Сергей Гурьев, "Манай судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь баян ядуугийн ялгаа багасах ёстой гэж үзэж байсан.” хэмээн ярьсан байна.
Судалгаанд улс орон дахь эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, авлига, өрхийн амьжиргааны түвшин, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг олон зүйлийн талаар тусгажээ.
Манай орны хувьд судалгаанд оролцсон иргэдийн 13 хувь (2010 онд 42%) нь 2016 онд Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал судалгааг явуулахаас дөрвөн жилийн өмнөхөөс буюу 2006 оноос дээрдсэн гэж хариулсан бол улс төрийн нөхцөл байдал 2006 оноос дээрдсэн гэж 9 хувь (2010 онд 29%) нь л хариулсан байна.
Судалгаанд оролцогчдын 17 хувь нь авлига, хээл хахууль 2006 оныхоос багассан гэж хариулсан бол судалгаанд оролцсон 18-39 насны иргэдийн 43 хувь нь амьдралын түвшин нэмэгдсэн гэж хариулсан байна.
Монголчуудын гуравны нэг нь одоогийн санхүүгийн нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байна гэсэн бол 63 хувь нь үр хүүхэд нь илүү дээр амьдралтай болно гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.
Зах зээлийн эдийн засгийг 60 хувь нь дэмждэг гэсэн бол 54 хувь нь ардчиллыг, 29 хувь нь зарим нэг нөхцөлтэйгөөр захиргаадалтын дэглэмийг дэмжиж болох юм гэж хариулжээ.
Монгол улсад ардчиллын ямар хэлбэрүүд оршдог талаар асуухад 64 хувь нь энх тайван, тогтвортой байдал гэсэн бол, 53 хувь нь үг хэлэх эрх чөлөө хэмээн хариулжээ.
Гэсэн хэдий ч таван хүний нэг нь л Монгол улсад шударга сонгууль явагддаг гэж үздэг нь бусад улсынхтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм.
Монголчуудын 36 хувь нь эрүүл мэндийн тогтолцоонд илүү их хөрөнгө мөнгө зарцуулах ёстой гэж үзсэн бол 24 хувь нь боловсролын салбарт, 17 хувь нь амьжиргааны түвшин доогуур иргэдэд үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Эрүүлийг хамгаалах болон боловсролын тогтолцоог сайжруулахын тулд иргэдийн 60 гаруй хувь нь нэмэгдэл татвар төлөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.
Барууны орнуудын иргэдтэй харьцуулахад монголчууд төрийн болон нийтийн үйлчилгээндээ сэтгэл хангалуун бус байдаг гэж гарсан байна.
Монгол улс амжилттай хөгжихөд хамгийн чухал нь юу вэ гэсэн асуултад 69 хувь нь "хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч байх” гэж хариулжээ.
Судалгаанд оролцогчдын 93 хувь нь эмэгтэй хүүхэд их дээд сургуулийн боловсрол эзэмших нь чухал гэдэгт итгэдэг гэж хариулсан бол 95 хувь нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил бизнесийн салбарт манлайлах чадвартай гэж илэрхийлжээ. Гэсэн хэдий ч судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 70 хувь нь улс төрийн салбарт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү сайн удирдагч болно гэж үздэг гэж хариулсан байна.
Нөхөр нь ажилгүй ч гэсэн эхнэр гэрийн бүх ажлыг хийх ёстой хэмээн 35 хувь нь үздэг гэж гарсан байна.
Эх сурвалж: ebrd.com