ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРМЫГ ӨӨРЧИЛСНӨӨР УУЛ УУРХАЙН САЛБАР АВЛИГААС АНГИД БАЙЖ ЧАДАХ УУ
Монголчуудын төдийгүй гаднынхны анхаарлын төвд хэзээд байдаг бизнесийн талбар нь яах аргагүй ашигт малтмалын салбар юм. Тиймдээ ч энэ салбарыг тойрсон дуулиан шуугиан нийгмийн аль ч үед халуун сэдэв байсаар ирсэн.
"Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтын авлигын эрсдлийн үнэлгээ”-г 2017 онд хийхдээ 14 авлигын эрсдлийг тодорхойлж, эрсдэл тус бүрд харгалзах зөвлөмж хүргүүлсэн юм. Тэгвэл үүнээс яг нэг жилийн өмнө НҮБ-аас мөн л уул уурхайн салбарын авлигын эрсдлийн үнэлгээг хийсэн. Үнэлгээний нэгдсэн дүгнэлтэд "Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар тул салбарын засаглал, ил тод байдал, хариуцлага тайлагналыг сайжруулах, авлига, хүнд суртлаас ангид байх нь чухал ач холбогдолтой юм” гээд геологи, уул уурхайн салбарт геологи хайгуул, ашиглалтын өмнөх, ашиглалтын, хаалтын үе шатанд хамгийн түгээмэл 15 төрлийн эрсдэл байгааг тодорхойлж, эрсдлийн төвшинг тооцож үзсэн байдаг.
Үүнд "Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл авах үе шатад шийдвэр гаргах үйл явцтай холбоотой авлигын эрсдэл бодитой байна. Энэ нь нэгдсэн мэдээллийн сан байхгүй, орон нутгаас санал авах харилцааг нарийвчлан зохицуулаагүй, тусгай зөвшөөрөл хүсэхэд хавсаргаж буй материалууд нь шаардлага хангаж байгаа эсэх талаарх мэдээлэл ил тод биш байгаатай холбоотой” гэжээ. Манай улсад 2058 компани 3612 тусгай зөвшөөрөлтэй талбай дээр 63 төрлийн ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж үзвэл ардчилсан тогтолцоонд шилжсэн 25 жилтэй харьцуулахад хэтэрхий ахадсан тоо юм. Эндээс л эрх мэдэлтэй болоод мөнгө төгрөгтэй хэсэг бүлэг хүн тусгай зөвшөөрлийг ханцуйн дотроо наймаалцдаг гэсэн иргэдийн хардлага батлагдаж, тухайн үедээ салбар хоорондын тэмцлийн эхлэл болж байв.
Түүнчлэн нийгэмд хамгийн их хардлага төрүүлж, авлигад өртсөн байх магадлалтай гэгддэг тусгай зөвшөөрлүүдийг Засгийн газрын төвшинд шийдсэн бөгөөд үе үеийн эрх баригчид энэ л шалтгаанаар нь нэгнийгээ шантаажлах нь олонтаа. Тэд энэ мэт амь аргацаасан үйлдлээр салбарын дотоод асуудлаар цэц булаалдахаас биш авлига бодитоор нүүрлэчихээд байгаа тусгай зөвшөөрөл олгох үе шат чухам хуулийн дагуу явагддаг эсэхэд хяналт шалгалт хийсэнгүй. Тэгвэл Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаас 2016 оны нэгтгэл XI тайлангаар тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргасан огноог ил болгосон байна. Энэ бол олборлох үйлдвэрлэлийн салбарт хийгдсэн томоохон ахиц гаргасан үйлдэл юм. Тус судалгааг гүйцэтгэсэн KPMG хараат бус аудит нь Олборлох үйлдвэрлэх ил тод байдлын санаачилгын 2016 оны нэгтгэлийн болон үнд-сэн мэдээллийн тайланг бэлтгэх хараат бус хянагч-нэгтгэгчээр 2017 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр томилогдсон байна. Судалгаанд олборлох үйлдвэр-лэлийн салбарын 99 хувийг бүрдүүлдэг 213 компанийн 661 тусгай зөвшөөрөл хүссэн өргөд-лийг хамруулахыг зорьсон ч 206 тусгай зөвшөөрөл дээр л шаардлагатай мэдээллийг олж авч чаджээ. Үүний шалтгаан нь Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө цаасаар гарган түрүүлж өгсөн аж ахуйн нэгжид эхэлж үйлчлэх зарчим баримтлан ажиллахдаа архив үүсгээгүйтэй холбоотой аж. Түүнчлэн олборлох үйлдвэрлэлийн салбарын 2016 оны нийт орлогын 95 хувийг бүрдүүлсэн 261 тусгай зөвшөөрөл эзэмшигч 40 компани руу тусгай зөвшөөрлийн өргөдлийн огноог гаргаж өгөх хүсэлт явуулахад 66 тусгай зөвшөөрөл дээр л өргөдлийн огноог гаргаж өгчээ. Үлдсэн нь "Тусгай зөвшөөрлийг өөр компаниас худалдаж авсан. Хүлээж авсан материалд энэ талаарх мэдээлэл байгаагүй” гэжээ. Ийм хариулт өгсөн компаниудын дунд Монголын томоохон уул уурхайн компани болох МАК, Алтандорнод зэрэг компанийн нэрс дурайж байсныг энд цохон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Дараагийн нэг шалтаг нь "Тусгай зөвшөөрлийг олон жилийн өмнө авсан бөгөөд энэ талын мэдээлэл архивт хадгалагдаагүй” гэсэн бол "Эрдэнэс Монгол”, "Эрдэнэс тавантолгой” компаниудын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас шууд өгсөн гэх хариу өгсөн байх жишээтэй. Эдгээрээс үзвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох процесс манай улсад хууль журмын дагуу явагддаг гэж хэлэхэд хүндрэлтэй болох нь харагдана. Ядаж л судалгаанд хамрагдсан 200 гаруй тусгай зөвшөөрлийн олонхийнх нь зөвшөөрлийг хуульд заасан хугацаа буюу 60 хоногт багтаан шийдвэрлээгүйгээс үзвэл ингэж хардах үндэслэл яах аргагүй мөн юм. Нөгөө талаасаа төрийн байгууллагууд наанадаж Архивын тухай хуулиа дагаж мөрддөггүй болох нь эндээс харагдсан. Хэрвээ ямар нэг асуудал үүсч, тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, гаргасан огноо шаардлагатай боллоо гэхэд АМГТГ-ынхан "хэлээ гаргахаас” өөр үзүүлэх зүйлгүй бололтой. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсын ахлах мэргэжилтэн Н.Батхүүгээс тодруулахыг хичээсэн юм.
Н.БАТХҮҮ: 2016 ОНООС ӨМНӨХ ШИЙДВЭР ӨМНӨХ ДАРГА НАРЫН МЭДЭХ ЗҮЙЛ
-Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох үе шат хуульд заасан хугацаанд шийдэгддэг эсэх олны анхаарлын төвд байдаг. АМГТГ-аас энэ процес-сыг хуульд нийцүүлж ажиллаж чадаж байна уу?
-Ашигт малтмалын тухай хуульд зааснаар өргөдлийн жур-маар болон сонгон шалгаруулалт буюу тендерийн журмаар тусгай зөвшөөрөл олгодог. 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс өргөдлийн журмаар олгох процессыг хуулиар хү-чингүй болгосон. Ингэхээр тусгай зөвшөөрлийг зөвхөн тендерийн шугамаар олгох хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн гэсэн үг. Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгох үе шат их ээдрээтэй. Манай байгууллага цахим хуудастаа "Энэ, энэ байршлийг өргөдлийн журмаар олгоно” гэсэн мэдээллээ байршуулсаны дагуу аж ахуйн нэгжүүд өргөдлөө өгдөг. Социализмын үед картын бараанд дугаарладаг байсан даа. Түүн шиг өглөөнөөс эхлээд бөөн дараалал үүснэ. Зарим үед хаалга үүд эвдчихээд гээд хүндрэл гарах үе цөөнгүй. Дээр нь байгууллагын ажилчид дотроосоо өргөдөл шургуулсан гэж иргэд хэл ам хийдэг байсан юм. Тиймээс үүнийг өөрчилж, өргөдөл гаргах дарааллыг онлайн болгосон нь энэ юм.
-Үүнийг ойлгож байна. Гэхдээ өргөдлийн журмаар олгодог байх үед тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хэд хоногт хариу өгөх ёстой байсан юм бэ?
-Үүнийг жишээгээр тайлбарла-сан нь дээр болов уу. "Төв аймгийн Сэргэлэн суманд тусгай зөвшөөрөл эзэмших хүсэлтэй байна” гэсэн өргөдөл ирлээ гэхэд орон нутаг руу нь "Энэ газрыг тусгай зөвшөөрлөөр олгох гэсэн юм. Зөвшөөрөх үү” гэж санал асуудаг. Орон нутаг руу шуудангаар хүсэлт явуулсан цагаас эхлэн хугацаа бодогдож эхэлдэг. Ингээд 30 хоногт багтаан зөвшөөрсөн эсвэл хариу огт өгөөгүй бол зөвшөөрсөнд тооцож дахиад 30 хоногт багтаан манай байгууллагаас тусгай зөвшөөрөл олгодог. Харин орон нутгаас татгалзах эсвэл ямар нэг асуудал дэвшүүлбэл манай байгууллагаас шийдвэр гаргадаггүй. Тэгэхээр өргөдөл гаргасан тал шүүхэд ханддаг. Орон нутгаас татгалзсан санал ирүүлэхдээ Улсын дээд шүүхийн "Орон нутаг хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгнө” гэсэн тайлбарыг үндэслэх ёстой. Энэ нь тусгай хэрэгцээтэй давхацсан, хуулиар хориглосон газар буюу гол мөрөн, усан сан бүхий эх, Ойн тухай хууль зэрэг урт нэртэй хуультай харшиж байвал мөн аймаг, сумын тусгай хэрэгцээнд авсан бол татгалзах эрхтэй. Зарим тохиолдолд "Манай өвөлжөөний, бэлчээрийн газар” гэх зэргээр хуульд заагаагүй үндэс-лэлээр орон нутгаас татгалздаг. Ийм тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргадаг.
-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагаас өргөдөл гаргасан огноог ил болгосон. Үүнд 200 гаруй компанийг хамруулж, судалгаа хийхэд эдгээрийн олонхийн асуудлыг 60 хоногт багтаан шийдвэрлэж өгөөгүй байна лээ?
-Энэ бол 2016 оны УИХ-ын ээлжит сонгуультай холбоотой. Сонгуулиас өмнө өргөдөл хүлээж авах үйл ажиллагаа явсан юм. Орон нутгаас зөвшөөрсөн компаниуд нь тухайн үедээ өргөдлийнхөө хариуг авч, зөвшөөрлөө авсан. Харин орон нутгаас татгалзсан хариу өгсөн 290 орчим компанийн материал манайд зургаан сар болсон юм.
-Татгалзсан хариу ирсэн гэдгийг нь компаниудад мэдэг-дээгүй гэсэн үү?
-Тийм. Манайхаас ямар нэг шийдвэр гаргаагүй удаасан гэсэн үг. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа удирдлагууд солигдсон. Шинэ дарга ажлаа авсны дараа ирсэн өргөдөлтэй танилцахад 300-гаад өргөдөл шийдэгдээгүй он дамжсан байсан.
-Одоо шийдсэн үү?
-2017 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө аль нэг талд нь шийдвэр гарга гэдэг чиглэл өгсөн. Энэ дагуу хянаж үзээд татгалзсан шийдвэрийг дэмжсэн. Танд байгаа өргөдөл ийм учиртай байх.
-Зөвхөн 2016-2017 он гэлтгүй 2000 оноос хойш өргөдөл дунд ч ийм асуудал байсан?
-2016 оны УИХ-ын сонгуулийн үеийнх шиг асуудал зөндөө болж байсан юм билээ. Орон нутгаас татгалзсан байхад манайхаас тухайн компанид өргөдлийнх нь хариуг өгдөггүй удааршруулдаг байсан тохиолдол бий. Гэхдээ одоо бол ийм асуудал огт байхгүй.
-KPMG аудитаас хууль тогтоомж, дүрэм журмыг мөр-дөөгүй тохиолдол байсан эсэхийг судалж үзэхэд Монгол-росцветмет, Монлаа зэрэг компаниудад холбогдох баримт бичгийг бүрдүүлээгүй байхад 2016 онд тусгай зөвшөөрөл олгосон байна лээ. Уг нь заавал бүрдүүлэх материалыг хуульд заасан. Үүнийх нь дагуу танай хэлтсээс тусгай зөвшөөрөл олгодог. Гэтэл яагаад тусгай зөвшөөрөл олгосон юм бол?
-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай байгууллага ир-гэдийн анхаарлын төвд их өртдөг учир хууль бус үйлдлээс ангид байдаг. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаар томи-логдсон дарга нарын хувьд Монголросцветмет компанид ямар ч тусгай зөвшөөрөл олгоогүй. Би үүнийг сайн мэднэ. Үнэхээр ийм зүйл байгаа бол 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын хооронд гаргасан шийдвэртэй холбоотой байх.
Ямартай ч албаны хүн ийм хариулт өгсөн юм. 2016 онд НҮБ болон "Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагаас хийсэн су-далгаагаар ч, иргэд олон нийтийн мэддэгчлэн уул уурхайгаас төрсөн тэрбумтангууд олон бий. Тэдний бүгдийг хууль бусаар хөрөнгөжсөн гэж хэлэхэд хэцүү ч шүүхээс ял авсан, прокурорт хэрэг нь буцаагдсан, АТГ-т шалгагдаж байгаа улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын жагсаалтаас энэ бүхнийг гэрчлэх мэт. Өргөдлийн журмаар тусгай зөвшөөрөл олгодог байх цаг үед орон нутгийн удирдлага, хүсэлт гаргасан компани, АМГТГ-ын газрын удирдлага, мэргэжилтнүүдтэй холбоотой хээл хахуулийн хэрэг үе үе яригддаг байв. Учир мэдэх хүмүүсийн хэлснээр орон нутгийн зүгээс татгалзсан хариу ирүүлсэн дараа хэсэг хугацааны дараа шийдвэрээ өөрчилсөн тохиолдол цөөнгүй байдаг юм билээ. Энэ талаар АМГТГ-аас тодруулахад Төв аймгаас бусад аймаг тусгай зөвшөөрөл олгох саналд нааштай хариу өгдөг гэсэн. Ямар шалтгаанаар татгалзсан хариу өгдөг учраа тэр бүр тайлбарладаггүй гэснээс үзвэл төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо мөн л дутмаг байгаа нь харагдана. Тэгвэл энэ талаар хэд хэдэн аймгийн удирдлагуудаас тодруулахад "Уул уурхайн компани хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн материал бүрэн биш, сонгон шалгаруулалтын комиссын өгсөн үнэлгээ үндэслэл муутай, мөн орон нутгаас санал өгдөг талуудад мэдээлэл хангалттай төвшинд ил тод биш байдаг. Тиймээс татгалзсан хариу ихэвчлэн өгдөг” гэсэн юм. Хэдийгээр шинэчилсэн хууль, журмын дагуу тусгай зөвшөөрлийг зөвхөн тендерийг журмаар сонгон шалгаруулахаар болсон ч өмнөх алдаагаа дахин давтахгүй гэх, авлигаас ангид байж, олон нийтэд нээлтэй, ил тод байж чадах эсэх нь мөн л эргэлзээтэй. Тиймээс тусгай зөвшөөрөл олгох процесстэй холбоотой гомдол Авлигатай тэмцэх газарт ирсэн эсэхийг тодруулахыг хичээлээ. Гэтэл АТГ-т ирсэн гомдол саналыг төрөлжүүлэн ангилдаггүй учир тодорхой мэдээлэл өгөх боломж алга гэсэн юм. Харин албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр 2015 оны тавдугаар сард АТГ-т нийт 100 өргөдөл ирснээс нэг хувь нь ашигт малтмалын салбартай холбоотой гомдол байжээ. Түүнчлэн 2016 онд Монголын уул уурхайн үндэсний ассоциациас Ашигт малтмалын тухай хууль болон түүнтэй шууд холбоотой хууль, УИХ, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал, Засгийн газрын агентлагаас гаргасан эрхзүйн акт болон Ашигт малтмалын тухай хуультай холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зэрэгт судалгаа хийж үзэхэд хуулийн давхардал 52, зөрчил 36, хийдэл 22 байсан гэжээ. Эндээс "Тус салбар нь авлигад өртөх өндөр эрсдэл бүхий нөхцөлд байна” гэж дүгнэсэн байдаг. Манай улс авлигын индексээрээ дэлхийд тэргүүлэгчдийн тоонд зүй ёсоор ордог.
Гэтэл энэ мэт олон хийдэл, давхардал байхад авлигатай тэмцэх чиглэл бүхий байгууллагаас нь эхлээд холбогдох яам, агентлагын зүгээс дорвитой алхам хийхгүй байгаа нь туйлын харамсалтай. Харин Олборлох үйлдвэрлийн ил тод байдлын санаачлагаас тусгай зөвшөөрөл олгосон огноог ил тод болгочихлоо. Үнэхээр салбарт тулгамдаж буй асуудлыг цэгцэлье, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тодоор явуулдаг болгоё, алдаа оноогоо дэнсэлье гэж зорьсон хэн ч гэлээ шүүрээд авмаар харагдана. Ядаж л аливаа мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байвал авлига хээл хахуулаас ангид байх эх суурь тавигдана гээд бодсон ч шүү дээ.
Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл байхгүй байна.