Тайзан дээр 18-тууд шиг бүжсэн 60, 70 настнууд

0

62 настай ахмад бүжигчин СТА Д.Туул болон 73 настай СТА Г.Удвал

 60-аас дээш насныхан гэхээр хүн болгон таяг тулсан, буурал толгойтой өвөө, эмээ нараар төсөөлдөг. Гэтэл нас бол зүгээр л тоо гэдгийг жинхэнэ ёсоор нь харуулж яваа хоёр бүжигчин эмэгтэйн бичлэг сүүлийн өдрүүдэд багагүй шуугиан тарьсан. 

Тодруулбал, 62 настай ахмад бүжигчин СТА Д.Туул болон 73 настай СТА Г.Удвал нарын бүжиглэж буй бичлэгийг үзсэн хүмүүсийн дийлэнх нь нүдэндээ ч итгээгүй, хэзээ тэр хүмүүс нь гарч ирж бүжиглэх юм бол оо гэсэн хүлээлттэйгээр бичлэгийг нь үзэж дуусгасан гэдгээ илэрхийлсэн байсан юм. Миний хувьд ч ялгаагүй насыг нь мэдсэний дараа жинхэнэ шоконд орж гайхах бас бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрснийг нуух юун. Учир нь тэд яг л 18-тууд шиг бүжиж байсан юм.

Тэр ч утгаараа шууд л дугаарыг нь олоод утсаар ярьж уулзах цаг товлосон юм. Биднийг товлосон цагтаа Г.Удвал эгчийн гэрт очиход 50 дөнгөж гарч байгаа болов уу гэмээр хоёр эмэгтэй хууч хөөрөлдөн сууж байсан нь бүжигчин СТА Д.Туул,  СТА Г.Удвал нар байсан юм.

Тэд 1980 онд анх ХЦДБЧ-д бүжиглэж байхдаа танилцаж өнөөдрийг хүртэл 40-өөд жил хуурай эгч дүүсийн барилдлагатайгаар үй зайгүй нөхөрлөжээ.

-Юун түрүүнд та хоёрын бичлэгийг үзсэн хүн бүрийн асуухыг хүссэн "Өдий насанд ийм сайхан залуу харагдаж байгаагийн нууц юунд байна вэ" гэх асуултыг асуухыг хүслээ?

-Г.У: Миний хувьд бүжгийн урлаг нөлөөлсөн гэж бодож байна. Би залуудаа байнгын хөдөлгөөнтэй, бүжгийн бэлтгэлтэй байдаг байсан. Одооны эмэгтэйчүүд хүүхэд гаргахаараа жил, хоёр жил гэртээ сууж байна. Бидний хувьд тийм юм байгаагүй. Төрөөд сар ч хүрэхгүй буцаад ажилдаа ордог байсан тэр их нөлөөлсөн байх. Дээрээс нь хувь хүний хичээл зүтгэл бас байна. Би урлагийн хүн юм чинь сайхан байх ёстой, гоё байх ёстой гэсэн ойлголт бас байсан.

-Д.Т: Би бүжиг, хөдөлгөөн гэж хэлнэ. Хөдөлгөөн хийхээр хүний цусны эргэлт сайжирдаг. Цусны эргэлт хэдий сайн эргэлдэх тусам хүн залуу байдлаа хадгалж, хөл, гар нь хөнгөн болдог.  Тэр ч утгаараа би байнгын хөдөлгөөнтэй байхыг эрмэлздэг.  

-Одоо үр, ач олуулаа болсон байх. Ээжийнхээ авьяас мэргэжлийг нь өвлөсөн хүүхдүүд бий юу?

-Г.У: Би таван хүүхэд, долоон ач зээтэй. Гурван охин хоёр хүүтэй. Хүүхдүүд маань ихэнх нь урлагийн хүмүүс болсон.Том хүү маань У.Бат-Эрдэнэ гээд дэлхийд алдартай балетын бүжигчин байсан. Том охин маань бас Дарханы залуучууд театрт бүжиглэдэг байсан. Одоо хоёулаа тэтгэвэртэй гарчихсан. 

-Д.Т: Би хоёр хүү хоёр охин нийт дөрвөн хүүхэдтэй. Манай хүүхдүүд дотор яг мэргэжлийг минь өвлөөд бүжигчин болсон хүүхэд байхгүй. Бүгд өөр мэргэжилтэй. Гэхдээ бүгд их эвсэлтэй, авьяастай. Одоо ой өнгөрч байгаа ач охиноо бүжигчин болчих болов уу гэж харж байгаа. 

-Тайзан дээр гараад бүжиглэж байхдаа юуг мэдэрдэг вэ?

-Г.У: Залуу байхад бол үзэгчдийг яаж өөртөө татах уу, яаж сайн гүйцэтгэлтэй хийх үү гэж бодож гардаг байсан. Одоо бол би тайзан дээр байхдаа хамгийн сайхан мэдрэмжүүдийг бүгдийг нь мэдэрдэг. Жигтэйхэн их баярлаж, догдлоод залуу нас бодогдоод их сайхан байдаг.

-Д.Т: Хөгжим яваад хөдөлгөөн хийгээд эхлэхэд л цаанаасаа огшоод хөл хөнгөрөөд эхэлдэг. Миний хувьд тайзан дээр гараад бүжиг бүжиглэх хамгийн гоё таашаал гэж боддог. 

-Хэрэв бүжигчин болоогүй бол ямар хүн болох байсан бол?

-Г.У: Манай аав намайг бүжигчин болоход жаахан дургүй байсан. Намайг хуулийн сургуульд оруулна гэдэг байсан. Тэгэхээр хэрэв бүжигчин болоогүй байсан бол тэр чиглэлээр явах байсан байж магадгүй. Ер нь бол би бүжиггүйгээр өөрийгөө ерөөсөө төсөөлж, бодож байгаагүй юм байна.

-Д.Т: Эмч болох байсан байх. Яагаад гэвэл манай ээж, аав хоёр хоёулаа эмнэлгийн хүмүүс. Тэр ч утгаараа намайг эмч болгохыг хүсдэг байсан. Гэхдээ би бүжгийг сонгосон. Энэ сайхан мэргэжлийг сонгож бүжигчний амьдралаар амьдарсандаа өнөөдрийг хүртэл нэг ч удаа харамсаж байгаагүй. 

-Өдий насандаа та хоёр шиг ийм сайхан хөнгөн шингэн, үзэсгэлэнтэй байхын тулд залуу бүсгүйчүүд маань юуг анхаарах ёстой вэ?

-Г.У: Эмэгтэй хүн ямар ч үед биеэ их цэгцтэй сайхан авч явах ёстой. Дээрээс нь байнгын хөдөлгөөнтэй байж, болж өгвөл бүжигт дурлаж, бүжгийн урлагаар хичээллэх хэрэгтэй. Одоо хаа сайгүй бүжгийн дугуйлан хичээллэдэг болсон байна. Хүн болгон бүжигчин болох албагүй. Гэхдээ эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө зүгээр л сонирхогч байх хэрэгтэй. Хамгийн гол нь архи, тамхинаас хол байх хэрэгтэй гэж хэлмээр байна.

-Д.Т: Хэрэв гоё сайхан, эрүүл байя гэж бодож байгаа бол хүн заавал өөртөө зав гаргадаг ёстой. Өвдөөд эм авах гэж эмийн сан явж байхаар бүжиглэх гэж нэг газар очдог байгаасай гэж хэлмээр байна. Тэгвэл та эрүүл бас залуу болно. Мөн би хүмүүсийг илүү их инээдэг байгаасай гэж хүсдэг. Инээх тусам хүн залуу болдог. 

-Бүжгээс юуг олж авсан бэ?

-Г.У: Хамгийн түрүүнд би эрүүл мэнд гэж хэлмээр байна. Миний хувьд өдий 70 гарчихсан хэрнээ жаахан хараа муудахаас өөрөөр өвдөх өвчин бараг алга. Ямар сайндаа л саяхан эмнэлэгт ходоодоо дурандуулах гээд очсон чинь та эмч нь "шүдээ ав" гээд Би ойлгохгүй "шүдээ авахуулсан юм уу гэж асууж байгаа юм болов уу" гэж бодоод л гайхаад байсан чинь хиймэл шүдээ ав гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд тийм юм байхгүй шүү дээ гэсэн чинь "өдий насанд бүх шүд нь бүрэн хүн гэж бас байдаг аа" гээд гайхаад байсан. Энэ мэт маш олон зүйлийг би бүжгээс олж авсан. 

-Д.Т: Би бүжиг бол эм гэж боддог. Яагаад гэвэл бүжгийн урлаг хүнийг эрүүл, залуу, гоо үзэсгэлэнтэй байлгаж чаддаг. Бас хүнд ямар ч зүйлийг даваад гарах маш их сэтгэлийн тэвчээр, хатуужил суулгаж өгдөг.

 Т.Гэрэл

Zaluu.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.