Сүхбаатарыг хэрсэн ураны лицензүүд ямар нууц хадгалдаг вэ
Монголчуудад нэг айдас бий. Тэр нь уран. Уран тойрсон дажин Монгол нутгийн зүүн аймгуудад эхлээд удаж байна. Сүхбаатар аймаг 13 сумтай. 2008 онд Түмэнцогтоос бусад 12 суманд нь уран буюу цацраг идэвхт бодис хайх зөвшөөрөл олгосон байдаг. Одоо ийм тусгай зөвшөөрлийн тоо хэдийнэ 20 гарсан мэдээлэл бий.
Ашигт малтмалын зөвшөөрөл олгоход орон нутаг их үүрэг рольтой байдаг.
Тухайн үед 2008 онд Ж.Батсуурь аймгийн Засаг даргаар томилогдож байв. Тийм болхоор орон нутгийн 13 сумын ганцаас бусдад нь цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөл олгогдсон явдалтай ямар нэгэн шижмээр холбогдож таарах гээд байгаа юм.
Учир нь 2008 онд Монгол Улс цөмийн энергийн тухай хуулиа өлгийдөж аваагүй үе байлаа. Тийм болхоор ураны хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын тухай хуулиар зохицуулж байв. Энэ хүрээнд дээрхи лицензүүдийг орон нутгийн ИТХ хүлээн зөвшөөрсөн байх учиртай.
Гэтэл ураны лиценз олгосон тэр жилүүдэд аймаг сумын ИТХ-аас ийм шийдвэр гараагүй, ИТХ нэг ч удаа энэ асуудлаар хуралдаагүй байна.
Зарим зүйлийг тодотгохын тулд нэгэн тохиолдлыг эргэн санах хэрэгтэй болж байна. Хатагин хошууны Зотол уул бүхэлдээ ураны лицензэд хамаарсан байсныг УИХ-ын гишүүн Р.Буд 2009 онд хэл ам хийж байж, оройгоос нь хааш хааш таван км газар нутгийг чөлөөлүүлж байв. Харамсалтай нь Зотол уулыг бүхэлд нь лицензэд хамруулах шийдвэрт аймгийн Засаг дарга Ж.Батсуурь гарын үсэг зурсныг нутгийнхан хожуу мэдсэн хэмээн хэвлэлийн хуудаснаа бичигдэн үлджээ.
2014 оны намрын шар өдрүүдээр Сүхбаатар аймагт ураны лиценз тойрсон дажин өрнөв. Тухайн жилийн долоодугаар сарын 22-нд дээрх хайгуулын лицензийн наймынх нь хугацаа дуусчээ. Үүнийг далимдуулан нутгийн иргэд уран хайх, цаашид олборлолт явуулахаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцалж, газар нутгаа хамгаалалтад авах шаардлагыг аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хүргүүлж байв. Лицензэд хамрагдсан талбайд Төрийн тусгай хамгаалалттай бүс нутаг, Төрийн тахилгат Алтан-Овооноосоо эхлээд орон нутгийнхны эрхэмлэж явдаг Баяншарга, Зотол, Дарханхаан, Матадхаан, Шарга зэрэг уул багтсан нь нутгийнхны уул ус газар нутгаа гэх уламжлал сэтгэхүй, итгэл үнэмшил рүү нулимсан явдал байв.
Төрийн тахилгат Алтан-Овооноос эхлээд орон нутгийнхны шүтдэг уулаа лицензэд олгосон Сүхбаатар аймгийн болон сумдын Засаг дарга, зарим эрх бүхий төрийн албан хаагчдын амьдралыг жирийн иргэдийнхтэй харьцуулшгүй, нутгийн иргэд энэ лицензийн цаана авлига, мөнгө угаагдаж байж болзошгүй гэж хардаж сэрддэг юм билээ.
Засаг дарга Ж.Батсуурь нутгийн иргэдийн шаардлага хүсэлтийг үл хайхарч,хөрөнгө оруулагчдыг дэмжинэ гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан нь нэг учиртай юм биш биз.
2014 оны зун "Дэлхийн Монгол-Ногоон нэгдэл”, "Босоо хөх Монгол” ТББ-ынхан АНУын эр дэмтэн Пол Робинсонтой хамт ран Дорноговь, Сүхбаатар аймагт ураны хор хөнөөлийн талаар судалгаа хийжээ. Харин Засаг дарга Ж.Батсуурь орон нутгийн телевизээр ярилцлага өгөхдөө "Хүн, нохой нь мэдэгдэхгүй хүзүүндээ гинж зүүсэн хүмүүсийг нутгийнхаа хилээр оруулахгүй. Би нутгаа хамгаалж чадна” хэмээн хээв нэг ярьж байсан гэх юм билээ.
Ямартай ч ураны асуудал Сүхбаатар нутгийнхны эмзэг сэдэв болоод удаж байна. Лиценз тойрсон маргааны ард иргэдийн амьдрах, амьд явах эрх зөрчигдөж байгаа маргахын аргагүй үнэн бий.
Сэтгэгдэл байхгүй байна.