Д.Дашзэвэг: Хамарын хийдийн ойролцоо олгогдсон лицензийг цуцлаагүй. Энэ бол ташаа мэдээлэл
Дорноговь аймгийн Сайншанд хотын нутаг дэвсгэрт орших Хамарын хийд энергийн төвөөс долоон км-ийн зайд орших Орон нутгийн тусгай хэрэгцээний газарт нүүрс олборлолтын лиценз олгосныг цуалсан талаар мэдээлэл тус аймгийн Засаг даргын албан ёсны вэб хуудсанд мэдээлсээн байсныг бид хүргэсэн. Тэгвэл энэ талаарх мэдээлэл үнэн эсэнхийг АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгээс тодруулахад "лицензийг цуцлаагүй” гэсэн хариултыг өглөө. Эндээс үзвэл Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нь гал унтраах зоргилгоор дээрх мэдээллийг олон нийтэд ташаа ойлгогдохоор тараасан бололтой. Ингээд АМГТГ-ын Кадастрын хэлстийн дарга Д.Дашзэвэгтэй Хамарын хийд орчимд өрнөсөн үйл явдал болон Салхитын мөнгөний ордны талаар ярилцлаа.
-Хамарын хийд энергийн төвийн ойролцоох газарт олгосон ашигт малтмалын лицензийг цуцалсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Олгогдсон лицензийг цуцлах эрх АМГТГ-т бий. Тус газрын зөвшөөрлийг цуцлаагүй.
-Зөвшөөрлийг нь анх хэрхэн олгосон байдаг юм бэ?
-Хамарын хийд энергийн төвийн ойролцоох газар ашигт малтмал олборлох эрхийг анх 2007 онд олгосон. Харин 2009 онд төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр ашиглалтын лицензийг цуцалсан юм. Ашиглалтын эрхийг нь цуцалсны дараа 2014 онд орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авсан байсан. Гэвч шүүхийн шийдвэрээр 2017 онд ашиглалт малтмал олборлох тус лиценз сэргэсэн юм.
-Уг нь тус газрыг 2004 оноос орон нутгийн хэрэгцээний газарт авчихсан гэх мэдээлэл байсан шүү дээ?
- Үгүй.
-Ашигт малтмал олборлох лицензийг яаж авдаг юм бэ?
-Тухайн үеийн хуулиар аймгаас нь санал авдаг байсан. Аймгаас ашигт малтмал олборлож болно хэмээн дэмжсэний үндсэн дээр АМГТГ-аас зөвшөөрөл өгсөн. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн сумын Хар тал нэртэй 25301 га тайлбайд 2007 оны наймдугаар сарын 3-ны өдөр "АОЛК” компанид 12618 хайгуулын лицензийн тусгай зөвшөөрлийг олгосон. Үүнийг Дорноговь аймгийн Засаг даргаас дэмжсэн байгаа юм. 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр ашиглалтын зөвшөөрөл авсан. Ашиглалтын зөвшөөрлийг "АОЛК” компани "Оуяашиёоу” компанид шилжүүлсэн ч тус компани төлбөрөө төлөөгүй учир 2009 оны наймдугаар сарын 3-ны өдөр эрх нь цуцлагдсан. Харин "Оуяашиёоу” компани 2017 онд шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 466 дугаар шийдвэрийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны долдугаар сарын 19-ний өдрийн 404 дүгээр шийдвэрээр 12923 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж байсан юм. "Оуяашиёоу” компаниас гэрчилгээ хавсралтыг үрэгдүүлсэн тул нөхөн авах хүсэлт гарган Кадастрын хэлтсийн даргын 2017 оны долдугаар сарын 26-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр MV-012923 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцон MV-020873 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг нөхөн олгосон. Мөн тус компани усан сан бүхий газартай давхацдаг хэсгийг хасуулан, солбилцолд өөрчлөлт оруулснаар Кадастрын хэлтсийн даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны 233 дугаар шийдвэрээр талбайн хэмжээ 25262.44 га талбай болсон. Үүний дараа "Оуяашиёоу” компани "Даблью Эс Жи Эл” компанид тусгай зөвшөөрлийг бүхэлд нь шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан үзээд Кадастрын хэлтсийн даргын 2018 оны зургадугаар сарын 18-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг бүртгэсэн юм. Ийнхүү "Даблью Эс Жи Эл” компанийн тусгай зөвшөөрөл болсон. Харин "Даблью Эс Жи Эл” компаниас уг тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961.23 га талбайг хэсэгчлэн "Олон ихт баян” компанид шилжүүлэх хүсэлт гаргаж, 2018 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 907 дугаар шийдвэрээр "Олон ихт баян” компанид уг тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн олгосон MV-021248 тусгай зөвшөөрлөөр олгосон юм. Талбайг хэсэгчлэн шилжүүлснээр "Даблью Эс Жи Эл” компанийн талбайн тусгай зөвшөөрөл нь 16301 га болж бүртгэгдсэн.
Харин Хамрийн хийд энергийн төвийн ойролцоох газарт ашигт малтмал олборлох зөвшөөрөл АМГТГ-аас цуцлагдсан байх үед 2014 оны есдүгээр сарын 22-ны өдөр тус газар орон нутгийн хэрэгцээний тусгай зөвшөөрөлд бүртгэгдсэн байдаг.
-Уг хэсгийн газрын зөвшөөрлийг 2009 онд төлбөрөө төлөөгүйн шалтгаанаас цуцалсан гэлээ. Гэтэл яагаад дахин сэргээсэн?
-АМГТГ-ын Кадастрын хэлтсээс лицензийн зөвшөөрөл олгосон компани нь төлбөрөө төлөөгүй бол эрхийг нь цуцлах арга хэмжээ авдаг. Харин төлбөр төлөөгүй гэх үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаан юм уу, эсвэл АМГТГ-ын үйл ажиллагааны алдаа байсан гэж үзвэл тухайн компани шүүхддэг. Энэ нь байнгын тохиолддог л асуудал. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр эсрэг талд буюу тухайн компанийн талд гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Кадастрын хэлтэс ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг нь сэргээсэн. Харин компани тусгай зөвшөөрлөө эргүүлэн авсныхаа дараа өөр компанид шилжүүлсэн. Уг тусгай зөвшөөрлийн хувьд бүх үйл ажиллагаа нь хуулийн дагуу явж байгаа. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан үед 2014 онд Хамрын хийд энергийн төвийг орон нутгийн тусгай хэрэгцээний газраар авсан ийм л асуудал.
-Тэгвэл тухайн үед Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батсуурь аялал жуулчлал хөгжсөн, түүх соёлын дурсгалт газар гэдгийг нь мэдсээр байж тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн гэж ойлгох уу?
-Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Засаг дарга бол компаниас гаргасан уг саналыг дэмжчихсэн. Дорноговь аймгийн Засаг дарга мэдээж аймгийнхаа энергийн төвийн талаар мэддэг л хүн байсан байх.
-Гэтэл одоогийн Засаг дарга Т.Энхтүвшин "Орон нутаг ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл өгдөггүй. Харин шүүх ямар газар гэдгийг нь мэдсээр байж компанийн талд шийдвэр гаргалаа” гэж хэлсэн шүү дээ?
-АМГТГ-аас тухайн үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу л зөвшөөрөл олгогдсон. Ямар нэгэн асуудал байхгүй.
-Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин тус газрын ашиглалтын лицензийг цуцлах эсвэл геологийн ижил газар шилжүүлэхээр Уул, уурхай хүнд үйлдвэрийн яам болон АМГТГ-т хүсэлт гаргасан гэсэн. АМГТГ-т албан хүсэлт ирсэн үү?
-АМГТГ-т тийм хүсэлт ирээгүй. Тусгай зөвшөөрөл цуцлах асуудал зөвхөн АМГТГ-т хамааралтай шүү дээ. Тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэвлэл мэдээллийн хэрэглээр л хүсэлт гаргасан талаар ярьж байгаа нь харагдсанаас биш бидэнд хүсэлт ирүүлээгүй.
-Тухайн ашигт малтмал олборлох лицензийг геологийн ижил газарт шилжүүлье гэвэл тийм хайгуул хийсэн бэлэн газар нь бий юү?
-Ашигт малтмалын тухай хуулинд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлт газрыг орон нутаг тусгай хэрэгцээнд авбал нэг жилийн дотор нөхөн олговор олгоно гэж заасан байдаг. Хэрэв нэг жилийн дотор олгож чадахгүй бол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч компани үйл ажиллагаа үргэлжлүүлэн явна гэсэн заалттай байдаг юм. Харин дүйцүүлж олгох эсэхийг Засгийн газар шийднэ. Засгийн газарт уг санал нь ирээд компанитай зөвшилцөж чадвал болохгүй асуудал байхгүй. Дүйцүүлж олгох газар бол бий.
-Тэгэхээр ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй "Хар тал” гэх газар нь орон нутгийн тусгай хэрэгцээний кадастрын зургийн аль талд нь багтаж байгааг тодруулж өгөөч?
-Хамарын хийдийн ойролцоо орон нутгийн тусгай хэрэгцээний газар ашигт малтмалын лиценз олгосон нь хэсэгчлэн давхацсан байхгүй юу. Тухайлбал, тус зөвшөөрөлтэй газар нь 25301 га талбай. Тиймээс хэсэгчлэн давхцаад байгаа газрыг л уг компанитай тохирч хасуулах эсвэл дүйцүүлэхээр газар олгох, нөхөн олговор өгч асуудлыг шийдэх л гарц байна. Ашигт малтмал газрын тосны хуульд тухайн тусгай зөвшөөрөлтэй газар соёлын өв байгаа нь тогтоогдсон нөхцөлд цуцлах заалттай байдаг.
-Хамарын хийд энергийн төв орчим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд 2014 онд авсан гэсэн. Энэ тохиолдолд орон нутаг нэг жилийн хугацаанд тухайн компанид нөхөн олговор олгож, хохирлыг барагдуулах ёстой. Орон нутаг уг газрыг тусгай хэрэгцээний газар болгож аваад таван жил өнгөрсөн байна. Тэгвэл нөхөн олговор олгож, тохиролцох хугацаа дуусчихсан гэсэн үг үү?
-Нөхцөл байдалтай уялдуулан тохиролцож болно.
-Дорноговийн Өргөн сумын нутаг дэвсгэрт Австраль Улсын хөрөнгө оруулалттай ашигт малтмал олборлох лицензтэй компани байдаг юм байна. Уг зөвшөөрлийг ч цуцлах асуудлаар хүсэлт гаргана гэж тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин мэдэгдсэн?
-Аймгийн Засаг дарга эрх цуцална гэж байхгүй. Манай улсын мөнгөний гол хөшүүрэг уул, уурхай. Гэтэл бүх уул, уурхай гаднын хөрөнгө оруулалтыг бүгдийг нь хөөж явуулаад яаж амьдрах юм бэ. Аль аль талдаа хариуцлагатай байх ёстой. Энэ салбарыг хөгжүүлэхгүйгээр бид цааш хөгжихгүй шүү дээ.
-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн лхагва гаригт Салхитын мөнгөний ордыг газрын зургаас хайгаад олсонгүй гэж мэдэгдсэн. Энэ үнэн юм уу?
-Кадастрын бүртгэлийн систем байдгаараа л бий. Орд газар газрын зургийн координат дээрээс алга болно гэж байхгүй.
Б.Лхам
Сэтгэгдэл байхгүй байна.