Х.Батболд: Түрээсийн орон сууцанд зээлтэй иргэд хамрагдах боломжтой

1

Барилга, хот байгуулалтын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн бодлогын газрын дарга Х.Батболдтой түрээсийн орон сууц хөтөлбөрийн талаар болон ипотекийн зээлийн талаар ярилцлаа.

-Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох асуудал банкууд дээр явж байгаа гэсэн. Өнөөдрийн байдлаар ямар банк 10 хувийн урьдчилгаатайгаар зээл олгож байгаа вэ?

-Ер нь бол банкууд дээр байгаа. Гэхдээ зарим барилгын компаниуд урьдчилгаа төлбөрөө 10 хувь болгоё гэж санаачилсан. Жишээлбэл, Алтай констракшн компани "Саруул” хотхоныхоо байрныхаа урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгосон байгаа.

-Зарим банкууд ипотекийн зээлийг олгохгүй байна гэсэн гомдол иргэдийн дунд их байгаа. Энэ үнэн үү?

-Найман хувиар олгох уу, таван хувиар олгох уу гэсэн тодорхой хэмжээний хүлээлт байгаа байх. Гэхдээ бидэнд бүх банкууд ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа гэсэн мэдээлэл ирсэн.

-Таван хувийн зээл хэдийгээр хэрэгжиж эхлэх бол?

-Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулган эхэлнэ. Тэр үед хамгийн эхний асуудлаар орох байх гэж бодож байна. Бид Монголбанк болон Сангийн яамтай ойр ойрхон уулзаж энэ асуудлаар тооцоогоо нийлж, гарцуудаа хайж байгаа.

-Түрээсийн орон сууц хөтөлбөр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ Төрийн орон сууцны корпораци өөрсдөө журам, дүрмээ батална.

-Иргэд хэзээнээс Төрийн орон сууцны корпорацад хандах хэрэгтэй вэ?

-Удахгүй Төрийн орон сууцны корпораци энэ асуудлаар холбогдох мэдээллийг өгөх байх. Тэрний дараа л иргэд ТОСК-д хандах боломжтой. 

-Түрээсээр орон сууцанд орох иргэд ямар шаардлага хангасан байх шаардлагатай вэ?

-Нэг их сүртэй өндөр шаардлага байхгүй. Эрх зүйн чадамжтай, 21 нас хүрсэн, тогтмол орлого, ажилтай. Тухайн орон нутагтаа 5-аас доошгүй жил амьдарсан байх, эзэмшилдээ хувийн ямар нэгэн орон сууцгүй байх ёстой. Залуу гэр бүлүүд байж болно. Гэхдээ тухайн гэр бүл 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө гэрлэлтээ батлуулсан байх шаардлагатай. Мөн төрийн албан хаагчид, хувийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдана. Түүнчлэн 0-18 насны дөрвөн хүүхэдтэй өрх, өндөр насны тэтгэвэрт гарсан иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас бий. Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж, орон байргүй болсон иргэд тодорхой квотын дагуу хамрагдах юм. Барилга хот байгуулалтын сайдын журмаар нэгдсэн журам батлагдсан. Энэ журмын дагуу Төрийн орон сууцны корпораци дотооддоо журам боловсруулж, иргэдтэй байгуулах гэрээний нөхцөл зэргийг тодорхой болгох юм. Цаашдаа Төрийн орон сууцны корпораци энэ үйл ажиллагааны менежментийг хариуцаж ажиллана.

-Түрээсийн орон сууцаараа дамжаад ипотекийн зээлд хамрагдаж, цаашдаа орон сууцаа бүрэн өмчлөлдөө шилжүүлэх боломжтой юу? 

-Боломжуудыг бид судалж байгаа. Улаанбаатар хотод 200-280 мянган төгрөгөөр 30-50 метр квадраттай орон сууцыг түрээсэлнэ. Хотын захад жишиг түрээсийн үнэ хэд байна вэ гэвэл 450-550 мянган төгрөг байгаа. Тухайн хүн өмнө нь магадгүй 450-550 мянган төгрөг төлж болж байсан юм чинь үүгээрээ хуримтлал бий болгоод, таван жилийн хугацаанд урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэх ч юм уу. Иймэрхүү байдлаар шийдэх боломжтой.

-Цалингийн зээл, өөр бусад төрлийн зээлтэй иргэд олон байдаг. Тэр хүмүүс хамрагдах боломжтой юу?

-Боломжтой. Зээлээ төлөөд ард нь түрээсийн төлбөр болон урсгал зардлуудаа төлөх боломжтой гэдгээ Төрийн орон сууцны корпорацад батлах ёстой. 

 Т.Болор

- See more at: http://www.uls.mn/10002169#sthash.DEfK6o8R.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл