Хятадын чанаргүй зээл улам тэлсээр
Ж.ЦОГЗОЛМАА
Хятадын банкуудын чанаргүй зээлийн нийт хэмжээ эрх баригчдын албан ёсоор мэдэгддэг тооноос ес дахин их байгаа нь нэг их наяд ам.долларын алдагдал хүлээхэд хүргэх эрсдэлтэйг брокер, хөрөнгө оруулалтын CLSA групп анхааруулав. Non-performing loans буюу эргэн төлөгдөөгүй, дефолт зарлахад тулаад байгаа зээлийн хэмжээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 15-аас 19 хувь болж өссөнийг "China and Hongkong” стратегийн судалгааны компанийн тэргүүн Фрэнсис Чеун тайлбарлаж байна. Чанаргүй зээлийн нийт хэмжээг Хятадын эрх баригчид дөнгөж 1.67 хувиар мэдээлдэгтэй харьцуулахад энэ нь хавьгүй их байгаа юм.
Хятад улс найдваргүй зээлээс үүдэн 6.9 их наяд юаниас (1.1 их наяд ам.доллар) 9.1 их наяд юанийн (2.8 их наяд ам.доллар) алдагдал хүлээж болзошгүй байгааг брокерийн групп компанийн тайланд дурджээ. Тус групп Хятадад бүртгэлтэй компаниудын өр төлөх чадварын талаарх нээлттэй мэдээлэлд үндэслэн чанаргүй зээлийн эргэн төлөгдөх боломжийг тооцоолох замаар уг тайланг боловсруулжээ.
Эргэн төлөгдөх нь эргэлзээтэй 1.3 их наяд ам.долларын зээлээс шалтгаалан Хятад улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ долоон хувьтай тэнцэх алдагдал хүлээж болзошгүйг дөрөвдүгээр сард Олон улсын валютын сан анхааруулсан. Уламжлалт арилжааны банкуудтай адилхан үйл ажиллагаа явуулдаг мөртлөө банк, санхүүгийн зохицуулалтад хамаардаггүй shadow bank гэгддэг банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон чанаргүй зээлийн хэмжээ 4.6 их наяд юань, үүнтэй уялдан үүсэх нэмэлт алдагдал 2.8 их наяд юань хүрэхээр байна.
Эдийн засгийн өсөлт үүсгэхээр хэрэгжүүлж буй мөнгө, зээлийн бодлогоос шалтгаалан цаашид чанаргүй зээлийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 20-25 хувьд хүрч магадгүй хэмээн ноён Чеун тайлбарласан юм. "Хятадын банкны тогтолцоонд чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэх цаг хэдийнэ тулгараад байхад тодорхой төлөвлөгөө ч алга” хэмээн уг тайландаа өгүүлжээ.
Урьд нь 1990-ээд онд Хятадын банкны систем, төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газруудад нэгэнтээ аврал болсон, чанаргүй зээлийг үнэт цаас болгох зөвшөөрлийг тус улсын эрх баригчид банкуудад олгох замаар байдлыг түр аргалж болзошгүй. Ийм арга хэмжээ авах нь дампуурах ёстой, өрөнд баригдсан "зомби” компаниудын тоог нэмэхэд хүргэнэ хэмээн Олон улсын валютын сан анхааруулж байна.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар, эргэн төлөгдөх нь эргэлзээтэй ч nonperforming loans ангилалд үл хамаарах зээл нийт зээлийн 5.5 хувийг эзэлж байгааг эрх баригчид албан ёсоор мэдэгдсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл байхгүй байна.