Монголбанк 354,2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээсэн
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн мэдээллийг сонссон. Шалгалтын дүнг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулж, Монголбанкны хуримтлагдсан алдагдал гурван их наяд төгрөг гэх дүн гарсанг мэдээлсэн юм.
Тэрбээр "Нийгмийн хөгжлийн санд нийтдээ 10 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байсан. Энэ мөнгөөр Монголбанк ажилтнууддаа орон сууцны дэмжлэг болон их хэмжээний мөнгөн шагнал олгодог байсан зөрчил илэрсэн. Тухайлбал 2012-2016 оны хооронд дөрвөн удаа цалингийн нэмэгдэл хийж, 15-30 хувиар нэмэгдүүлсэн байна” гэв.
Мөн тэрбээр "Монголбанкинд орох гадаад валютын урсгал тасралтгүй буурсан. Гадаад валютын албан нөөц 2012 онд 4,1 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 1,3 тэрбум ам.доллар болсон.
Монголбанкнаас "Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд 4,8 их наяд төгрөгийн зээл гаргасан. Үүний 3,7 их наяд төгрөг нь орон сууцны зээлийн хөтөлбөр байгаа юм. Үлдсэн 1 их наяд гаруй төгрөг нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах зээл байгаа юм.
"Үнэ тогтворжуулах” хөтөлбөрт хамрагдсан 45 аж ахуйн нэгж зээлийн мөнгөө зориулалтын бусаар ашигласан. Зарим аж ахуй нэгжийг сонгохдоо сонгон шалгаруулах журам зөрчиж, сонгосон байна. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын үед 13 аж ахуй нэгжийг хууль бусаар шалгаруулж, 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон гэдэг нь тогтоогдсон. Монголбанкны шалгалтын дүнд шатахуун импортлогч 14 компанид 226,4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэдэг нь тогтоогдсон. Энэ зээлийг ихэнх аж ахуй нэгж зориулалтын бус зүйлд зарцуулсан. 2012 оноос дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ тогтмол буурсан. Тиймээс манай ажлын хэсэг шатахууны компаниудад зээл олгох шаардлагагүй байсан. Шатахуун импортлогч компаниудад 2013-2015 оны хугацаанд нийт 1 тэрбум 579,95 сая ам.долларыг зах зээлийн ханшаас 300 хүртэлх төгрөгөөр хямд худалдсан. Үүнээс Монголбанк 354,2 тэрбум төгрөгийн ханшийн зөрүүний бодит алдагдал хүлээсэн. Дээр нь 226,4 тэрбум төгрөгийг жилийн 0,89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгосон. Арилжааны банкууд 2,91 хувийн хүү нэмж, 3,8 хувийн хүүтэй зээлийг шатахуун импортлогч компаниудад олгосон” гэлээ.
Мэдээлэл танилцуулсаныхаа дараа тэрбээр ажлын хэсгээс гаргаж буй саналыг танилцуулав.
- Монголбанкны Ерөнхийлөгчид төвлөрсөн эрх мэдлийг хуулиар зааглах, өөрчлөлт хийх,
- Монголбанкны алдагдлыг бууруулах чиглэлийг бууруулах арга хэмжээ авахыг даалгах,
- Хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуусах хүртэл Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, шагнал урамшуулал өгөхгүй байх,
- Шахатууны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчиж хэрэгжүүлсэн учир 488.4 тэрбум төгрөгийг буруутай этгээд буюу тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Золжаргалаар нөхөн төлүүлж, хуулийн хариуцлага тооцуулах зэрэг саналыг гаргажээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл байхгүй байна.