О.Орхон: Найман хувийн зээлэнд банкууд эх үүсвэрээ гаргах ямар ч боломжгүй
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхоноос цаг үеийн зарим асуудлаар байр суурийг нь тодрууллаа.
-ГАДНЫ БАНК ОРЖ ИРСНЭЭР ЯМАР Ч ТӨРЛИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮ ОГЦОМ БУУРАХГҮЙ-
-Барилга хот байгуулалтын сайд арилжааны банкууд дотоод эх үүсвэрээ гаргаж, ипотекийн зээлийг санхүүжүүлэх хэрэгтэй гэж онцолсон. Арилжааны банкуудад санхүүгийн хувьд ийм боломж байгаа юу?
-Ер нь арилжааны банкуудад ипотекийн зээл олгох боломж байгаа. Угаасаа ийм төрлийн зээлийг олгож ирсэн. Анх ипотекийн зээлийг Монгол Улсад 2005 онд Азийн хөгжлийн банкны эх үүсвэрээр олгож эхэлсэн байдаг. Ийм тогтолцоо бий болсноос хойш арваад жил ипотекийн зээлийг өөрсдөө олгож байсан. Харин 2013 оноос хойш найман хувийн зээлийг төрийн бодлогоор олгож эхэлсэн. Одоо ч гэсэн арилжааны банкууд 80 м.кв-аас дээш талбай бүхий найман хувьд хамрагддагүй байруудад зээлээ олгоод явж байна. Цаашдаа ч олгоод явна. Гагцхүү хүү өндөр байгаа. Яагаад гэхээр бид хадгаламжийн хүүтэйгээ уялдсан хүүний тогтолцоотой. Тийм учраас ипотекийн зээлийг өндөр хүүтэй олгохоор урт хугацаанаасаа үүдэн нийт төлөх дүн нь ихэсдэг. Иргэн 15 хувиар байрны зээлэнд орлоо гэхэд долоон жилийн дотор төлсөн хүү нь байрныхаа үнэтэй тэнцчихдэг. 14 жилээр зээл авбал гурван байрны мөнгө, 20 жилээр бол дөрвөн байрны мөнгө төлж байна. Гэхдээ 80 м.кв-аас дээш байрыг зээлээр авч байгаа иргэдийнх ихэнх нь хувийн бизнес эрхлэгчид байдаг тийм урт хугацаанд сунгаж төлдөггүй. Хүүгийн тогтолцоо нь ийм учраас иргэд 5-6 жилд багтаагаад зээлээ шахаад төлдөг юм.
-Тэгэхээр арилжааны банкууд найман хувийн зээлэн дээр эх үүсвэрээ гаргах ямар ч боломжгүй гэсэн үг үү?
-Найман хувийн ипотекийн зээлэн дээр арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээ оруулах ямар ч боломжгүй. Найман хувь өөрөө бид нарын татаж байгаа эх үүсвэрийн маань зардлаас доогуур дүн болчихоод байна. Тэгэхээр найман хувийн ипотекийн зээлийг яг одоогийн хэрэгжиж буй хэлбэрээр нь явуулахаас өөр гарц байхгүй. Өнөөдөр засгийн газар хэзээ хөтөлбөрөө эхлүүлэх нь тодоррой байгаа нөхцөлд өөрөөсөө алдагдал үүсгэж, хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг эрсдэлд оруулж болохгүй. Ийм хүлээлт үүсгэж болохгүй. Тийм учраас банкууд найман хувийн зээлээ зогсоосон байгаа.
-Гадны банкууд орж ирэх асуудал яригдахаар арилжааны банкууд дургүйцэж, эдийн засагчид нь зөрүүтэй байр суурь илэрхийлсээр байгаад иргэд нь хүртэл төөрөгдөлд орчихоод байна. Энэ асуудал дээр та ямар суурь илэрхийлэх бэ?
-Монголын банкны холбоо зориуд пиар явуулаагүй. Байр сууриа ил тод илэрхийлээд явж байгаа. Гадны банк оруулах нь зүйтэй гээд байгаа хэсэг бүлэг хүмүүс зориудаар диар явуулж байгаа нь үнэн. Гадны банк оруулж ирэх асуудлыг бид огтоос эсэргүүцээд байгаа юм биш. Хамгийн гол нь оруулж ирэх цаг нь болоогүй байна. Яагаад гэхээр, манай улсын банкны секторын хөгжил, эрхзүйн зохицуулалтын орчин, улсын эдийн засгийн нийт хэмжээ, хямралтай өнөөгийн нөхцөл байдалд гадны банкууд орж ирэх юм бол маш их давуу байдал тэдэнд үүснэ. Өөрсдөө санхүүгийн хувьд бэхэжчихсэн, хямд эх үүсвэртэй банкууд орж ирэх нь тодорхой. Энэ тохиолдолд, хамгийн түрүүнд эдийн засагт шууд ноёрхол тогтоох эрсдэлтэй. Гадны банкийг дагаад гадны компаниуд, харилцагчид нь орж ирдэг. Өнөөдөр монголын компаниуд муу нөхцлөөр зээл аваад, бизнес нь үр ашиггүй байдалд байна. Ийм нөхцөлд гадны компаниуд давуу эрхтэйгээр бизнесүүдийг худалдаж авна. Өөрсдөө шинээр эхэлнэ. Дотроо өрсөлдөх чадвар муутай байгаа энэ үед гадныханд тийм том өрсөлдөөний давуу тал өгч болохгүй.
-Хамгийн гол нь гадны банк орж ирснээр хүү буурна гэсэн нийтлэг хүлээлт үүсээд байна. Яг бодит зах зээл дээр хүү буурах боломжтой юу?
-Гадны банк орж ирснээр ямар ч төрлийн зээлийн хүү огцом буурахгүй. Тухайн улсдаа хадгаламжийн хүү нь бага байгаа учраас зээлийн хүү нь өөрөө нам байгаа. Гэтэл манайд хадгаламжийн хүү 10 гаруй хувьтай байна. Тиймээс гадны банкууд үүнийг ашиг олох боломж байна гэж харж байгаа нь үнэн. Энэ тохиолдолд арилжааны банкуудаас жаахан доогуур хүү зарлана. Ингэж хамаг барьцаа сайтай, зээлийн түүх нь хэвийн, бизнес үйл ажиллагаа, удирдлага сайтай компаниудыг нь татаад авчихна. Тухайн банк өөрийн улсдаа 2-3 хувийн ашиг олдог байснаа монголд 10-аас дээш хувийн ашиг олно. Түүнээс биш бодит зах зээл дээр тэд хүүүгээ огцом бууруулж, барьцаагүй очоод л төслөө танилцуулаад зээл авчихна гэж байхгүй. Гадны банкууд үнэндээ дотоодын банкуудаас илүү чанга дүрэм журмаар зохицуулагдаж ажилладаг. Гадны банкууд барьцаа, барьцааны үнэлгээ, зах зээлийн эрсдлийн үнэлгээ, манай улсын зээлийн реитинг зэргээс хамаараад яавч хямд хүүтэй зээл өгөхгүй. Дээрээс нь барьцаа, баталгаагүй зээл олгоно гэсэн ойлголт байхгүй. Харин ч дотоодын банкууд ААН-үүддээ итгэл үзүүлж, эдийн засгаа өөдрөгөөр хараад дэмжээд л явж байгаа гэж хэлмээр байна.
-ЭХ ҮҮСВЭРТ НЭГ Ч УЛСТӨРЧИЙН МӨНГӨ, ДАЛД ХУВЬЦАА БАЙХГҮЙ-
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан эх үүсвэр анхаарал татаж байна. Арилжааны банк шууд байдлаар 400 сая.ам доллар хэрхэн босгосон бэ гэдэг асуудалд та ямар хариулт өгөх бэ?
-Эх үүсвэрийг хэрхэн босгосныг Монголбанк шалгаад, дүгнэлтээ гаргах байх. Бидний босгосон 400 сая ам.доллар дотор урд хөршийн гаралтай ямар ч мөнгө байхгүй, гадны хөрөнгө оруулалт нь цаана нь байхгүй. Нэг ч улстөрчийн мөнгө, далд хувьцаа байхгүй гэдгийг онцолмоор байна. Бүх зүйл ил тод байгаа. Бүх санхүүжилтийг манай Худалдаа хөгжлийн банк босгосон. Гадны дотны компаниудаас зээл авсан зүйл бол байгаа. Өөрийн хөрөнгөө ч нэлээд сайн оруулсан. Ер нь бол цэвэр зээлийн эх үүсвэр гэсэн үг л дээ. Засгийн газраас өгсөн үүргийн Монголбанк энэ асуудлыг хянаад, тодорхой болгоно.
-Танай банкийг засгийн газраар баталгаа гаргуулж аваад, Олон Улсын зах зээлд бонд босгох замаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэх мэдээлэл явсан?
-Засгийн газрын баталгааг бид энэ хэлцэл болохоос өмнө жил хоёр сарын өмнө гаргуулсан байдаг. Өрийн удирдлагын тухай хуулиар өнөөдөр монголын аль ч банк, ямар ч байгууллага авах эрх үүсчихсэн байгаа. Энэ дагуу 2015 оны дөрвөн сард 500 сая ам.доллартай тэнцэх баталгаа авсан. Олон Улсын зах зээл дээрээс босгосон бондоо своп хэлцлээр тухайн үедээ Монголбанкинд зараад, санхүүгийн зарчмаар процесс үргэлжлээд явсан. Тэгэхээр энэ 500 сая ам.доллар бол Эрдэнэтийн 49 хувьтай ямар ч хамаагүй асуудал.
-Одоогоос хоёр жилийн өмнөөс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авах асуудлыг танай банкны зүгээс сонирхож эхэлсэн та онцолсон байдаг. Энэ ямар учиртай юм?
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарах асуудал хоёр жилийн өмнөөс тодорхой хүрээлэлд яригдаж, мэдээлэл нь яваад байсан. Дотоодоос ч гэсэн авах сонирхолтой хүмүүс байсан. Тухайн үеийн засгийн газрын хүрээнд ч энэ асуудал яригдаж л байсан нь ч үнэн. Энэ асуудал хоёр жилээс өмнө яригдаж л байсан гэдгийг олон нийт мэднэ. Яг хоёр жилийн өмнөөс ОХУ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрөөс компани руу шилжүүлж, тус улсын хямрал нэлээд гүнзгийрсэн зэргээс үүдээд худалдах асуудал бодит болж ирсэн гэж болно.Тухайн үед Казасхтан, Орос, урд хөршийн хоёр ч компани энэ асуудлыг сонирхож байгаа гэсэн мэдээлэл ч бидэнд ирж байсан. Ийм нөхцөлд яагаад Монголчууд авч болохгүй гэж гэсэн сэдэл дээр л энэ асуудлыг сонирхож эхэлсэн.
-Засгийн газраас Сангийн сайд асан Б.Болорын тушаалыг хүчингүй болголоо. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд дахин өөрчлөлт орно гэсэн үг үү?
-Засгийн газраас өмнөх засгийн газрын Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгосноор ТУЗ-ийн бүрэлдэхүүн болон дүрмэнд өөрчлөлт орно л гэсэн үг. Яг хэрхэн өөрчлөлт оруулах асуудлыг мэдэхгүй байна.
Ж.МЯДАГБАДАМ
Сэтгэгдэл байхгүй байна.